ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 70 гаруй эмийн сан иргэдэд үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-01 21:19:08

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарынхан хүн амд тусламж, үйлчилгээ үзүүлдэг бол тэдгээрт тохирсон эм, тариа, эмнэлгийн хэрэгслийг хүргэн ажилладаг нь эмийн сан юм. Нийтээр хэлж заншсан нь эмийн сан боловч улсын хэмжээнд тусгай холбоо болон өргөжсөн аймаг бүрд салбар нэгжүүдтэй ажээ.


Аймгийн хэмжээнд эм ханган нийлүүлэх долоон байгууллага, 70 гаруй эмийн сан өдөр тутам үйл ажиллагаагаа явуулж хүн ардад үйлчилгээгээ хүргэж байна. Эм холбооны салбарынхны тухайд Дархан, Улаанбаатар, Дорноговь аймагт боловсрол эзэмшсэн бөгөөд гурван зуу орчим эм зүйч энэ салбарт ажилладаг аж.




Хүн амын төвлөрөл ихтэй, дамжин өнгөрөх иргэд олон тул 24 цагаар үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Аймгийн хэмжээнд гурван эмийн сан 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.



Эм хангамжийн салбарын хөгжлийн тухайд Сэлэнгэ аймгийн Дарханы атрын сангийн аж ахуйн дэргэд хоёр эсгий гэрт, хоёр ажилтан, 50 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө, эм бараатайгаар байгуулагдаж, жилд 30 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийдэг жижиг салбарын үйл ажиллагаагаар түүхийн хуудсаа эхлүүлжээ.


Дархан-Уул аймгийн Эм ханган нийлүүлэх байгууллагын үндэс суурь нь Монгол Эм Импекс Концерны “Дархан – Уул Эм хангамж” ХХК бөгөөд Монос” Монфа, Нахиа, Еврофарм, Азифарм, Цахиур төмөр болон бусад ханган нийлүүлэх байгууллагын салбаруудаар өргөжин тэлсээр байна.



Тухайлбал, 1992 оны 11 дүгээр сард “Эм хангамжийн байгууллагад өмч хувьчлал явуулах тухай” Эрүүл мэндийн яам, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 2/1425/494 тоот шийдвэр, Эрүүл мэндийн сайдын 1992 оны А/97 тоот тушаалыг үндэслэн Дархан хотын 1, 5, 9 дүгээр эмийн сан, Нүдний шилний тасгийг хувьд шилжүүлсэн аж. Тэр цаг үеэс анхны хувийн хэвшлийн эмийн сан болох Мөнхийн тун, Анхилуун, Өлзий-Амгалан эмийн сангууд байгуулагдаж байжээ.


Түүнээс хойш 1992-1998 онд Дархан хотод хувийн хэвшлийн эмийн сангууд дараалан байгуулагдаж, хүн амын эм зүйн тусламж үйлчилгээнд хувь нэмрээ оруулж эхэлсэн аж.  


2000 оны эхэн үеэс Дарханы эм хангамжийн байгууллагууд зохион байгуулалтад орох, харилцан уялдаатай ажиллахыг эрмэлзэж эхэлсэн нь өнөөгийн “Эм” холбоо байгуулагдах эхлэл тавигдсан ажээ.


Ташрамд, Монгол Улсад орчин үеийн эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дархан хотод эм хангамжийн байгууллага бий болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна. 

関連ニュース