ДАРХАН-УУЛ: 260 гаруй өрх хогоо ангилан ялгаж хаях боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дархан хотын хог, хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд “Баялаг” нэртэй хог ангилан, ялгах цэг байгууллаа. Дархан сумын аравдугаар багийн “Оргил өөдөө” СӨХ-ны хариуцдаг хоёр байрны нийт 260 гаруй өрхийн хог, хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан түр хадгалж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болсон аж.
Европын холбооны "Найрамдал"
төслийн санхүүжилттэй хэрэгжиж буй энэхүү ажлыг тус багийн
ахмадын зөвлөл үйл ажиллагааг хариуцаж байгаа бол “Дархан хоггүй ирээдүй” ТББ
иргэдэд хүрэх нөлөөллийг ажлыг идэвхжүүлэх ажээ.
Цаашид төсөл хэлбэрээр бусад багуудад хэрэгжүүлэх боломжтой бөгөөд орчны бохирдлыг арилгахад томоохон түлхэц болно гэж төслийн санхүүжүүлэгчид онцолж байна.
“Дархан хоггүй ирээдүй” ТББ, багийн ахмадын зөвлөл хамтран ангилсан хог, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар “Хог, хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны Дархан дахь салбар зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Энэхүү салбар нь хуванцар, шил, лааз, хөөс, цаас, хуучин хувцас зэргийг авах боломжтой бол органик хог хаягдлыг гахайн аж ахуй эрхлэгчидтэй гэрээ байгуулж хамтран ажиллахаар болжээ.
Ташрамд, Европын холбооны санхүүжилттэй “Найрамдал” төслийн хүрээнд хэрэгжиж буй хог,
хаягдлыг ангилан ялгах “Баялаг” цэгийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан сумын
ЗДТГ, Дархан хотын тохижилт үйлчилгээний газар хамтран хэрэгжүүлж байна.