Нобелийн шагналт Н.Мохаммади өлсгөлөн зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-07 09:40:54

ТЕХРАН, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Шоронд хоригдож буй Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади Нобелийн Энх тайвны шагналтнаар тодорсноосоо хойш нэг сарын дараа өлсгөлөн зарлаж эхэлсэн тухай гэр бүлийнхэн нь мэдэгджээ.


Өдгөө 51 настай тэрбээр Иран улс өөрт нь болон бусад хоригдлуудад эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж байгааг, мөн заавал хижаб өмсөхийг шаардсан хуулийг эсэргүүцэн даваа гаргаас өлсгөлөн зарлаж эхэлсэн байна.


Н.Мохаммади зүрх, уушгины өвчнөө эмчлүүлэх шаардлагатай байгаа боловч прокурор түүнийг эмнэлэгт шилжүүлэхийг эсэргүүцэж байгаа аж. Энэ нь үсээ далдлахаас татгалзсантай нь холбоотой гэж өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэн нь мэдэгдсэн байна.


Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Райс-Андерсен уг явдалд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. “Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцсэнийх нь төлөө” Н.Мохаммадид Энх тайвны шагнал олгосон билээ.


“Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд эмэгтэй хоригдлууд хижаб өмсөх ёстой гэсэн шаардлага нь хүнлэг бус бөгөөд ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж Б.Райс-Андерсен хэлжээ.


Ираны шүүх засаглал болон шоронгийн удирдлагуудын зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

関連ニュース