ТӨВ: Политехник коллежид хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцах боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-10 17:04:58

Зуунмод 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань сумын Политехникийн коллежид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Цахим үйлчилгээний ажилтан” шинэ мэргэжлийн ангийг нээлээ.

 

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах, хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор энэ ангийг нээжээ.

 

Тус анги нь хэд хэдэн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сургаж, төгсгөх боломжтой гэдгээрээ онцлогтой. Тухайлбал харааны бэрхшээлтэй суралцагчдад зориулсан том үсэгтэй, тод шар өнгийн компьютерын гар болон дэлгэц уншигч программыг суурилуулжээ.

 

Харин хөдөлгөөний бэрхшээлтэй суралцагчдад зориулсан mouse /хулгана/, хоёр гар байхгүй ч толгойгоо ашиглан “GlassOuse”-ийг энгийн нүдний шил шиг зүүгээд гар утас, компьютер, таблет, ухаалаг ТВ-тэй Bluetooth-ээр холбоод хүссэнээ хийх боломжтой аж. 



  Төв аймгийн хэмжээнд нийт 3300 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд амьдардаг. 


関連ニュース