ДУНДГОВЬ: МӨХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын
Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар хамтран ажиллах санамж
бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд өмгөөлөгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд үзүүлэх хууль эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болсныг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Тодруулбал, хууль эрх зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг
нэмэгдүүлэхийн тулд Мандалговьд “Эрх зүйн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах
талаар судлан, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, Өмгөөлөгчдийн аймгийн салбар
зөвлөлийг байртай болохыг дэмжин газрын
асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар
болон Шүүхийн байранд өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцах, үйлчлүүлэгчтэйгээ
уулзах өрөө байртай болгох, цагдан хорих,
баривчлах, түр саатуулах байранд өмгөөлөгчтэй уулзах уулзалтын өрөөг стандартын
шаардлагад нийцүүлэх. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад хууль эрх зүйн мэдлэг
олгох сургалт зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн
эрх нь зөрчигдөх асуудлаас урьдчилан сэргийлэх зэрэг олон талт ажлыг хамтран
зохион байгуулахаар тохиролцсон байна.
Санамж бичиг байгуулахад Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, О.Санчирбал, өмгөөлөгч Т.Энхбаяр, нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн болон аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, аймгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн гишүүд хамт байлцжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон уулзалтад оролцсон байгууллагууд санамж бичгийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.