ДАРХАН-УУЛ: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 94.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-15 15:40:24

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас 2023- 2024 оны хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын төлөвлөгөөний хэрэгжилтийг аймгийн онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаанд танилцууллаа. Өвөлжилт, хаваржилтын ажлын төлөвлөгөөнд 26 ажил төлөвлөгдсөнөөс биелэлт 94.4 хувьтай байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд мэдэгдлээ.


Аймгийн хэмжээнд цасны зузаан 2-4 см хэвийн байгаа аж. Бусад аймагтай харьцуулахад өвлийн сар гарсан энэ өдрүүдэд хэвийн байгаа хэдий ч цаашид хүндэрч болзошгүй тул малчид, мал бүхий иргэдэд хувийн бэлтгэлээ сайтар хангах, өвс тэжээлээ гүйцэд татах, өвөлжөө хаваржаагаа ариутгаж малын аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн аж.


Засгийн газрын албан даалгавраар аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэж нөөцөлжээ. Харин сумд 50 тонн өвс, 25 тонн тэжээлийг өөрийн төсвийн хөрөнгөөр сумынхаа аюулгүй нөөцөд бүрдүүлж хадгалах ёстой. Одоогоор Хонгор сум 100 хувийн хангалттай байгаа бол Шарын гол сум зургаан тонн өвс, таван тонн тэжээл дутуу Орхон сум 20 тонн тэжээл нэмж нөөцлөх шаардлагатай ажээ.


Өвс, тэжээлийн тухайд Дархан сум одоогоор бэлдээгүй байгаа бөгөөд бэлтгэх үүрэг даалгаврыг аймгийн онцгой комиссоос өгчээ. Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвч, тэжээл 100 хувь хангагдсан бол дөрвөн сумын хувьд 72 хувьтай байна.

Аймгийн онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаанд өвлийг эрсдэлгүй даван туулахын тулд эрсдэлийн төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг ХХААГ газар болон бусад мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

関連ニュース