Сирийн асуудлаар АНУ, ОХУ хоёр бие биенээ шүүмжилсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /NHK/. Сирид гал зогсооход саад хийж байна гэж АНУ болон ОХУын төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр бие биенээ шүүмжиллээ.
НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Стаффан де Мистура одоогийн үүссэн нөхцөл байдлаас нэн даруй гарах хэрэгтэй байгааг онцлон дурдсан байна. Тэрбээр хэлэхдээ сөргөлдөгч талууд бие биедээ буулт хийж, энхийн замаар асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээ хийх хэрэгтэй гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, АНУ-ын санхүүжүүлсэн сөрөг хүчнийхэн Засгийн газрын цэргүүд тулалдахаа зогсоосон үед байлдааны ажиллагаа явуулсан гэж буруушаажээ.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хариуд нь хэлэхдээ, даваа гарагт НҮБ-ын тусламжийн цуваа руу агаараас дайралт хийсэн талаар дурдаад "гал зогсоох тохиролцоог ОХУ болон Сирийн арми үргэлжлүүлэхэд бэлэн байгаа эсэхэд маш их эргэлзэж байна" гэжээ.
Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцогчид Сирийн асуудлыг энхийн арга замаар хэрхэн шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газар болон түүнийг эсэргүүцэгч хүчнүүд өнгөрсөн долоо хоногт гал зогсоосон билээ.
Гэтэл гал зогсоох тохиролцоог мөрдөхгүй байгаагийн улмаас тус улсад нөхцөл байдал улам ээдрээтэй замбараагүй болжээ.
Х.Сарнай