ДАРХАН-УУЛ: Шингэрүүлсэн шатдаг хийг насанд хүрээгүй иргэнд худалдахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн нутагт дэвсгэрт газ буюу шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй, зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдэлийг арилгах, багасгах зорилгоор насанд хүрээгүй иргэнд худалдан борлуулахыг хориглолоо.
Тодруулбал, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1/3243 дугаар албан шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс өсвөр насны хүүхэд мансуурах, донтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор уг шийдвэрийг аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн хориглосон байна.
Мөн уг захирамжийг гаргахдаа ахуйн хийн худалдааг зохицуулах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
Газ буюу
шингэрүүлсэн шатдаг хийг
хүнсний зах, худалдааны төв, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркетад
төрөлжсөн тасгаар худалдаж, аюулгүй ажиллагааны санамж,
зааварчилгааг дагалдуулахыг үүрэг болголоо.
Ташрамд, мэргэжлийн
байгууллагууд шингэрүүлсэн шатдаг хий худалдан борлуулдаг төвүүдэд монгол хэлээр бичсэн санамж
байрлуулж, худалдах,
ашиглахыг зөвлөдөг ч хэрэгжүүлдэг газар ховор ажээ.