ХОВД: Энэ онд улсын төсвөөр 69 төсөл, бүтээн байгуулалтын ажил хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-09 16:09:32

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймаг өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 87.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 46 төсөл, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил хийжээ.  

Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт бүхий 156 төсөл, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд 123.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.  

Эдгээр ажил нь өнгөрсөн онд 80 гаруй хувийн биелэлттэй байв. 


Тэгвэл энэ онд Ховд аймагт улсын төсвийн 158.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 69 нэр төрлийн төсөл, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Үүнээс 48 ажил нь ирэх долоо хоногт шинээр эхлэх бол, бусад ажлыг нь он дамжин хийх юм.  

Мөн “Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил” уриалгын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 96 төсөл, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Онцлоход, Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэрийг байгуулах, гэр хороололд цэвэр, бохир усны шугам сүлжээний өргөтгөл хийх, Дөргөн, Цэцэг сум чиглэлд хатуу хучилттай авто зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил цаашид үе шаттай өрнөх юм.     

Түүнчлэн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хот тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг тусгажээ.   

関連ニュース