СЭЛЭНГЭ: Л.Түвшинзаяа: Орон нутгийнхан гаднаас ирж байгаа хүмүүст маш ээлтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын
Үнэгт багт шилжин суурьшигч Л.Түвшинзаяатай ярилцлаа.
-Танд
өдрийн мэнд хүргэе. Хотын амьдралаас хөдөөг зорих болсноо хуваалцахгүй юу?
-Баярлалаа.
Манайх Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэр бүлээрээ шилжин суурьшаад хагас жил
болж байна. Манай гэр бүл аялах дуртай. Бидэнд аяллаас буцаад хот руу орох бол
хамгийн хэцүү цаг үе байдаг. Яагаад гэвэл хүүхдүүд маань дахиад жаахан хөдөө
байж болохгүй юм уу гэсэн асуултыг байнга хэлдэг. Бид бүгдээрээ хөдөө амьдрах
дуртай.
Хотод
түгжрэл, агаарын бохирдол гээд хүндрэлүүд маш их байдаг. Харин хөдөөд бол эрүүл
агаар, эрүүл орчин, эрүүл хүнс байна. Нөгөө талаас амгалан тайван орчин байна. Мөн
бидэнд хөдөөд амьдрах хүсэл их байсан учраас хүслээ биелүүлж хөдөө рүү шилжсэн.
-Яагаад
заавал Мандалыг сонгов. Аялал их хийдэг тань нөлөөлөв үү?
-Яагаад
Мандал гэдэг дээр бид ихээхэн бодол болж, ярилцсан. Ер нь бид монгол орныхоо ихэнх
аймаг сумуудаар, бараг бүх сумдаар явж аялж үзсэн. Ноднин жил баруун аймгуудаар
аялсан. Бүр Хөвсгөлийн тайга хүртэл урт хугацааны аялал хийсэн. Түүнээсээ ирээд
дахин зүүн аймгууд руу аялалд гарсан. Тэгж явахдаа замдаа таарах бүх сумдаар нь
орж үзсэн.
Ингэж
явахдаа бид орсон газрынхаа сургууль, орон нутгийн удирдлага, газрын алба зэрэг
байгууллагуудаар орж танилцаж явсан л даа. Тэгээд бүгдээрээ хаана очих вэ
гэдгээ сэтгэлийн дуудлагаар гэдэг шиг. Ямар ч байсан бид байгальд амьдаръя,
гэхдээ ямар байгальд амьдрах вэ гэдгээ, мөн хүсэж байгаа зүйлээ ярилцаад энд
ирсэн. Нөхөр бид хоёр хотын унаган иргэд, хүүхдүүд маань хотод төрж өссөн.
Хотод
биднийг яг юу уяад байна гэхээр одоогийн энэ амьдарч байгаа орчин, дэд бүтэц,
интернэт энэ бүгд биднийг уяад байна. Энэ бүгдийг хөдөөд хэрхэн бий болгож
амьдрах боломжтой вэ гэдэг шийдлийг олохыг хичээсэн.
Тэгэхээр
Мандал бол хоттой ойрхон, дэд бүтэцтэй. Мандал хэдийгээр сум ч гэсэн дээ аймаг
шиг том. Хэд хэдэн ерөнхий боловсролын сургуультай. Түүнээс сонголт хийгээд
хүүхдүүдээ сургах боломжтой. Манайх төвийн эрчим хүчинд холбогдоогүй. Гэхдээ бид
хараат бусаар сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан. Тэгэхээр бид цахилгаантай, интернэттэй.
-Мэдээж
төв суурин газраас тэр дундаа амьдарч дассан орчноо өөрчилнө гэдэг маш том
шийдвэр болов уу?
-Сая
ковидын үеэр бид нар хаана ч байсан сурч боловсрох боломжтой юм байна. Дээр нь
ажиллах боломжтой юм байна гэдгийг мэдэрсэн. Ер нь хөдөө орон нутаг руу шилжье
гэхээр маш их мөнгө төгрөг хэрэгтэй. Маш их хүндрэл бэрхшээлтэй, дээр нь ажлын
байр олдохгүй гээд залуучууд олон хүндрэл бэрхшээлийг ярьдаг. Залуучууд гэлтгүй
нийт хүмүүс тэгж ярьдаг. Гэхдээ үүнийг бид өөрсдөө хийх боломжтой юм байна
гэдгийг бид ойлгосон. Түүнийгээ одоогоор хараахан чадаагүй байна, яваандаа
болох байхаа, дөнгөж очоод байгаа учраас /инээв/.
-Мандалд
очих судалгаа хэр хийв. Одоогоор ямар ажил эрхэлж байна. Мандал түмэн их
хөдөлмөрч, өрхийн аж ахуй эрхлэлтээрээ нэрд гарсан хүмүүс байдаг. Ногоо тарьж
байна уу?
-Цаашид
бид жимсний аж ахуй эрхлэх, өөрсдөө хүнсний ногоогоо тариалдаг болчих юмсан
гэсэн хүсэлтэй байгаа. Бид хүлэмжээ бариад, газраа бэлдсэн.
Очихоосоо
өмнө нэлээд их судалгаа хийсэн л дээ. Одоо хөдөө орон нутаг руу шилжиж байгаа залуучууд
гэхгүй ер нь бүх хүмүүсийг төрөөс бодлогоор дэмжих гээд бодлогоо боловсруулаад
хэрэгжүүлээд явж байна. Жирийн нэгэн гэр бүлийн хувьд өнгөрсөн жил хөдөөгийн
сэргэлтийн бодлогыг бүр хэсэг хэсгээр нь харсан. Тухайлбал манай гэр бүлийн
хувьд яг аль нь хэрэгжиж байна, алинд нь бид хамрагдаж болох нь вэ гэдэг
судалгааг хийж үзсэн. Одоохондоо дөнгөж бодлого хэрэгжээд явж байгаа болохоор
цаашид болох байх гэж бодож байна.
Жишээ
нь сумын төвд шилжин суурьших юм бол 3 хувийн ипотекийн зээлд хамрагдана гэж заасан
байгаа. Гэтэл манайх багаасаа 4 км-т алслагдсан зайд бүүр хээр очиж байгаа.
Тэгэхээр энэ заалт бидэнд хамрагдахгүй юм билээ. Гэтэл одоо үүнийг эргэж харсан
байна лээ. Амины орон сууц барих юм бол 3 хувийн ипотекийн зээлд хамрагдаж болох
талаар яриа өрнөж байгаад, иргэн хүний хувьд туйлын баяртай байгаа. Дээр нь шилжин
суурьшиж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлнэ гэсэн.
Одоогоор
бид өнөөдрийн хувьд тэр босгыг гэдэг юм уу, тавьсан шаардлагыг хангахгүй байгаа.
Гэхдээ энэ чиглэлээр ажиллаад явах юм бол болохгүй гэх зүйлгүй байх. Гэсэн ч би
судалгаагаа цаашид үргэлжлүүлээд хийнэ.
-Мандал
нутагтаа дасаж байна уу. Хүмүүсийнх нь аж байдал таалагдав уу. Танил ихтэй болж
байгаа биз дээ?
-Ажлын
хувьд гэх юм бол бид өөрөө өөрсдөө ажлын байраа бий болгоё гэдэг зорилттой
байна. Хамгийн эхний ээлжид эрүүл хоол хүнс, эрүүл агаар гэдгээрээ өрхийн аж
ахуйн хэрэглээтэй байгаа. Ялангуяа Мандал сум бол өрхийн аж ахуй эрхлэлтээрээ маш
сайн газар юм байна.
Дээр
нь онцолж хэлмээр нэг зүйл нь орон нутгийнхан маань өөрсдөө гаднаас ирж байгаа
хүмүүст маш ээлтэй. Манай хөрш хүртэл биднийг очингуут хэлж байсан. Энэ
Зүүнхараагийн хүмүүс нэгдүгээрт маш ажилсаг. Дээр нь танилцахад л та нарт
мэддэг чаддаг юмаа зааж өгнө. Миний мэддэг юмыг энэ хүн мэдээд, надаас дээр илүү
сайн явах вий гэсэн бодол байхгүй. Харин ч туршаад үзээсэй, эргүүлээд би энэ
хүнээс юу сурах вэ гэж байнга бие биедээ дэм болж, бие биеэ хурцалж, дэмжиж,
явдаг ийм хүмүүс байдаг юм шүү гэж хэлж байсан.
Явцын
дунд энэ яг үнэн. Манай хөрш бол байнга бидэнд зааж, зөвлөж байдаг. Бид чинь хотоос очсон болохоор маш энгийн юмнуудыг мэдэхгүй шүү дээ. За одоо ингээд
хэд хоногийн дараагаас цас орно гэсэн шүү, төмсөө сийрүүлсэн үү, ингэж хий,
тэгж хий гээд байнга зааж зөвлөж байдаг. Хэдийгээр бид интернэтээс цаг агаарын мэдээллийг авч болж
байгаа ч хөршийн анхааруулга маш чухал юм байна.
Орон
нутгийнхан орон нутгийнхаа цаг уурыг маш сайн мэддэг. Бид нар чинь төмсөө тарьсан
ч арчилж мэдэхгүй л байгаа ш дээ. Өөрсдөө маш сайхан үлгэр дуурайл үзүүлдэг гоё
хүмүүс юм билээ.
-Ярилцсанд
баярлалаа.