ХОВД: Хар-Ус нууртай холбоотой судалгааны ажлыг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд
аймагт өнөөдөр Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар, түүний хил залгаа
нутгийн экологи, нийгэм эдийн засгийн судалгаа сэдэвт эрдэм шинжилгээний бага
хурал болж байна.
Танхим
болон цахим хосолсон хэлбэрээр өрнөж буй энэхүү хуралд байгаль орчны салбарын
мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, эрдэмтэн багш нар, судлаачдын төлөөлөл 30 гаруй хүн оролцож байна.
Хурлын гол зорилго нь Монгол
орны Баруун бүс нутгийн гадаргын усны зонхилох нөөцийг бүрдүүлэгч, ус намгархаг газрын томоохон төлөөлөл болох Хар-Ус нуур, түүний хил залгаа бүс нутагт хийж
буй сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэх, цаашдын хамтын ажиллагаагаа
өргөжүүлэх, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлын чиглэлийг тодорхойлж,
мэргэжлийн байгууллагын судлаачид, мэргэжилтнүүдээс санал зөвлөмж авахад чиглэж байв.
Хурлын
явцад Хар-Ус нуурыг хамгаалахад тулгамдаж буй асуудал, нүүдлийн шувуудын
судалгаа, ургамал, бэлчээрийн чанарын зэрэглэл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аялал
жуулчлалын бүтээгдэхүүн болгох арга зам, цаашдын чиг хандлагатай холбоотой 10
гаруй судалгаа, илтгэлийг хэлэлцэж байна.
Баруун
бүсийн экологийн судалгааны суурин, МУИС, Шинжлэх ухааны академийн Биологийн
хүрээлэн, Монголын шувуу хамгаалах төв болон Ховд аймгийн байгаль орчны салбар
байгууллагуудын төлөөлөл энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион
байгуулахад хамтран ажиллалаа.