ХОВД: "Мөнгөлөг шагшуурга" мөсний баярыг угтан тууль хайлна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хар-Ус
нуурыг түшиглэн зохион байгуулах "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний
баяр эхлэхэд дөрвөн хоног үлдлээ.
Байгалиа хайрлан хамгаалах, өв соёлоо таниулан сурталчлах зорилготой энэхүү мөсний баярыг Ховдынхон нэгдүгээр сарын 20, 21-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг мөсний баярыг анх
2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлагаар зөвхөн
Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг Борцгор хотон шувуу болон байгаль дэлхийгээ
хайрлан хамгаалах уриан дор зохион байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш мөсний
баярыг 10 удаа зохион байгуулжээ.
Энэ жил мөсний баярын үйл ажиллагааг угтан Жангар тууль хайлах ёслолыг анх удаа зохион байгуулах гэж байгаа нь онцлог юм.
“Мөнгөлөг
шагшуурга-2024” мөсний баярыг угтсан Жангар тууль хайлах ёслол нэгдүгээр сарын
19-нд болно.
Энэ үеэр Монгол Улсын
Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн батламжит туульч, доктор Э.Баатаржав Жангар
туулийн 3-5 бүлгийг товшуур хөгжимд тулгуурлан хайлах аж.
Жангар бол 15 дугаар зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт Монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлаг тууль юм.
Гэсэр, Монголын нууц товчоо зохиолуудын хамт Монголчуудын эртний утга зохиолын гурван оргил гэгддэг.
Их туулиа хадгалан
хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд хувь нэмэр болох, өв соёлоо сурталчлах зорилгоор
Жангар тууль хайлах ёслолыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэж туульч Э.Баатаржав
онцоллоо.
“Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярын хүрээнд өвөл цагийн уламжлалт тоглоом
наадгай, сээр шалгах нээлттэй тэмцээн, тэмээний уралдаан, “Баруун бүсэд
үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу нэгдүгээр
сарын 20, 21-ний өдөр зохион байгуулахаар мэргэжилтнүүд бэлтгэл хангаж байна.