Z үеийнхэн Америкийн хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 22 /The Washington Post/. АНУ-д өсвөр насныхны ажил эрхлэлт /ялангуяа зоогийн газар, дэлгүүрүүдэд/ сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрсэн нь Z үеийнхний хөдөлмөр эрхлэлтэд хандах байдал өөрчлөгдсөнийг харуулж байна.
Хөдөлмөр эрхэлж буй өсвөр насныхны тоо одоо цар тахлын өмнөх үеийнхээс наад зах нь 250 мянгаар олон байгаа нь зоогийн газар, дэлгүүрүүдэд ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, соёлын хэм хэмжээ өөрчлөгдөхөд аажим боловч бодит тууштай хувь нэмэр оруулж буйг тус сонинд онцолсон байна.
Өнгөрсөн онд 16-19 насныхны 37 хувь нь ажил хийж эсвэл хайж байсан нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Хөдөлмөрийн яамны мэдээлэлд дурджээ.
Дээрх үзүүлэлт 40 гаруй жилийн турш /ялангуяа 2000-аад оны үед/ буурсны дараа ийнхүү дахин өссөн байна.
Одоо ажил хийж байгаа өсвөр насныхны тухайд, тэд үнэхээр ажил хийхийг хүсдэг, эрч хүчтэй бөгөөд ажиллахад бэлэн байдаг. Тэдний өмнөх миллениал үеийнхэн ийм байгаагүй гэж нэгэн пиццаны газрын эзэн Нило Гонзалес ярилаа.