ХОВД: Ч.Очирхүүгийнх ирэх хавар 400 гаруй төл хүлээн авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Чимэдбалын Очирхүү энэ жил аймгийн аварга малчин цолны болзол хангажээ.
Ч.Очирхүү болон гэргий Г.Эрдэнэжаргал нар үе удам залган 20 гаруй жил мал маллаж байна.
Эднийх одоогоор
сумынхаа төвөөс 20 километрийн зайд орших Цагаан булан багийн нутаг, Айханы
хавчиг бууц гэх газарт өнтэй өвөлжиж байгаа ба тэмээнээс бусад дөрвөн төрлийн
малыг өсгөж байна.
Бэлчээрийн даац, цаг агаарын төлөв, нутгийн онцлогоос шалтгаалан отор нүүдэл хийхэд голлон анхаардаг ба сүүлийн дөрвөн жил мянгаас дээш толгой мал тоолуулж, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулахад анхаарчээ.
Түүнчлэн сум орон
нутаг, багаас зохион байгуулж буй олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нийгмийн хариуцлагын хүрээнд гурван залуу өрхийг малжуулсан байна.
Мал маллагааны арга туршлагаараа манлайлж буй
Ч.Очирхүүгийн шагналыг энэ сарын 6-нд аймаг, сумын удирдлагууд гэрт нь очиж гардуулан өглөө.
Мянгад сумын тухайд 600 гаруй малчин өрхтэй. Үүнээс Цагаан булан багийн нутаг дэвсгэрт 287 малчин өрх аж төрж байна.
Малчин Ч.Очирхүүгийн тухайд
Цагаан булан багаас тодорч буй 28 дахь аймгийн аварга малчин гэдгээрээ
онцлогтой. Эднийх ирэх хавар 400 гаруй төл мал хүлээн авахаар байна.