ХОВД: Оюутны суралцах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-14 17:37:28

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/  Ховд аймгийн ИТХ-аас албан байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, санал солилцох зорилгоор Төлөөлөгчдийн өдөр хэмээх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж хэвшжээ. 
 

Энэ удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид МУИС-ийн Баруун бүсийн сургууль буюу Ховд их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.    

Төлөөлөгчид энэ үеэр тус сургуулийн хичээлийн байр, оюутны дотуур байр, спорт заал, мэдээлэл зүйн лаборатори болон бусад анги танхимаар орж, багш ажилтнуудын санал бодлыг нээлттэй сонссон бөгөөд зарим шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар ярилцсан юм. 

Үүний дотор сургуулийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах, багш судлаачдыг дэмжих, оюутны суралцах таатай орчныг бүрдүүлэхтэй холбоотой олон асуудлыг хөндөж, хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлэхээр болжээ. 




Тус сургуулийн хичээлийн байр, оюутны дотуур байр нь олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан, стандартын шаардлагыг бүрэн хангахгүй байна гэж албаныхан онцоллоо.


Иймээс шаардлагатай засвар үйлчилгээг стандартын дагуу хийх, сургалтын цахим хэрэглээг нэмэгдүүлэх, Хар ус нуурын экосистемийг хамгаалах цогц судалгааны ажлыг дэмжих, сургуулийн дотоод үйл ажиллагааны менежментийг сайжруулах, лабораторийн зарим тоног төхөөрөмжийг нэмэх, анги танхимын ширээ сандлыг шинэчлэх, сургуулийн дээвэр, спорт заалыг стандартын дагуу засварлах хэрэгтэй гэх мэт олон саналыг хэлж байна.  

Цаашид тухайн байгууллагын зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төлөөлөгчид зохих журмын дагуу дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн нэн тулгамдсан асуудлыг эрэмбэлж, холбогдох зураг, төсвийг гарган дээд шатны байгууллагад уламжлахыг зөвлөлөө.  

Тус сургуулийн хамт олон өнгөрсөн хугацаанд 13 мянга гаруй дээд боловсролтой боловсон хүчинг тасралтгүй бэлтгэсэн юм. Тэгвэл энэ жилийн хувьд тус сургуульд 1000 гаруй оюутан суралцаж байна. Харин тус сургуулийн дотуур байрт 260 гаруй оюутан амьдарч байгаа аж. 

  



関連ニュース