Дэлхийн нийт ядуусын 3.5 хувь нь Зүүн Азид байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-03 11:09:10

ВАШИНГТОН. /Vox/. 2012-2013 оны хооронд нэн ядуу иргэдийн тоо 114 саяар буурлаа гэсэн гайхалтай үзүүлэлт байна.

Энэ нь ганцхан жилийн хугацаанд асар ихээр буурсан үзүүлэлт боловч сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том өөрчлөлт биш юм. Учир нь 2010-2011 онд дэлхийн ядуусын тоо 132 саяар буурч байв. Харин 2008-2013 оны хооронд жилд дунджаар 88 сая хүн ядуурлаас гарч байжээ. Хэрвээ  байдал энэ хэвээр үргэлжилбэл 10 хүрэхгүй жилийн дараа дэлхий дээр ядуу хүмүүс гэж байхгүй болно.

Дэлхийн банкнаас мэдээлсэн энэ тоо баримт, судалгаанд ямар дэвшил гарсан талаар дурдсаны зэрэгцээ дээрх хандлага цаашид удаашрах төлөвтэй байгааг мөн анхааруулсан байна.

Удаашралын шалтгааныг Дэлхийн банк тайлбарлахдаа, өнгөрсөн хэдэн арван жилд Зүүн Азийн орнуудад ядуурал буурсан бол Африкийн Сахарын цөлийн улсуудад энэ үйл явц удаашралтай байсан байна. 1990 онд Зүүн Азийн орнуудад дэлхийн нийт ядуусын ихэнх хувь нь амьдарч байсан бол одоо тэдний 10 хүрэхгүй хувь нь амьдарч байгаа юм. Ядуусын ихэнх нь Африкийн Сахарын цөлийн улсуудад амьдарч байна. 

Гэсэн хэдий ч хөгжиж буй орнуудад тулгарч буй нэг том асуудал бол тэгш бус байдал юм. Хэрвээ хөгжиж буй орнууд орлогыг үр ашигтай хуваарилах, эдийн засгийн өсөлтийн үр шимийг ядууст хүртээх арга замыг олвоос ядуурлыг бууруулах үйл ажиллагаа удаашрах учиргүй юм.

Ингэснээр 2030 онд гэхэд ядуурлыг бүрэн арилгах боломжтой. Гэвч хөгжиж буй орнуудад бий болсон тэгш бус байдлаас үүдэн ядуурал нэмэгдэж, түүнийг бууруулах үйл ажиллагаанд хүндрэл учирч байна гэж судалгаанд дурджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース