Иргэдэд дарамт үүсгэхгүйгээр хямралыг давах хөтөлбөр гарган ажиллаж байгааг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙМонгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өчигдөр буюу 10 сарын 4-ний өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.
Түүнийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан явсан юм.
Улсын Их Хурлын даргыг Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Аюуш баатрын талбайд угтан авч хүндэтгэл үзүүлсэний дараа аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, ард иргэдтэй тус бүр уулзалт зохион байгууллаа.
Тэрбээр 6-р сард болсон УИХ-ын ээлжит сонгуулиар Өвөрхангайчууд МАН-д итгэл үзүүлэн, гурван нэр дэвшигчийг дэмжиж төрд төлөөллөө болгон илгээсэнд талархлаа илэрхийлсэн ба шинээр байгуулагдсан Улсын Их Хурал богино хугацаанд их ажил амжуулсан болохыг танилцуулсан юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч иргэдэд дарамт ачаалал үүсгэхгүй байх тал дээр төр засгаас анхаарч, төсөвт тодотгол хийн хямралын үеийг даван туулах тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэлээ. Тухайлбал өмнөх Засгийн үед авсан зээлээс бага хүүтэй, урт хугацаатай буюу жилийн 2.2 хувиас ихгүй хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, хөдөө аж ахуй, уул уурхай, хүнсний салбаруудад тодорхой бодлого барьж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах, улаанбуудай, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжид төрөөс хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зэрэг шийдвэрийг гаргаад байгаа аж.
Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан “Насны хишиг” тэтгэмжийг 70-аас дээш настай ахмадууддаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тооцож, 20.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан, 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн зээл олгох зориулалтаар 90 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас 101.5 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан гэх мэдээллийг өгөв.
Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр “2016 оны долоодугаар сарын 01-нээс Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр төрийн байгууллага ямар нэг шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож, тусгах үүрэг хүлээдэг болсон” гэдгийг сануулаад орон нутгийн ажил нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй хэмээн онцлон хэлсэн юм. Мөн хэдхэн хоногийн дараа болох сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдийг сонгох сонгуулиар төр засгийн шийдвэрийг нутаг орондоо хэрэгжүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг төр засагт хүргэх төлөөлөгчдөө сонгохдоо тэдний туршлага, мэдлэг, олонд танигдаж хүндлэгдсэн байдлыг харгалзан сонгоно хэмээн найдаж байна хэмээлээ.
Тэрбээр Улсын Их Хурлын анхдугаар болон ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжуудыг үргэлжлүүлэн танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгсөн ба иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.
Иргэдийн зүгээс улс орныг эдийн засгийн хямралаас түргэн гаргах, “данс улайлгасан” этгээдүүдийг олж тогтоон хариуцлага тооцох, өрх айлын насанд хүрсэн гишүүн бүр, ажил, орлоготой байх, малын түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх гэхчлэн санал тавьсныг албаны хүмүүс тэмдэглэн авч шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэв.
Өвөрхангай Б.Батчимэг