СЭЛЭНГЭ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас “Байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа
үйлчилгээний салбарын зөвлөгөөн"-ийг аймгийн төв Сүхбаатар суманд өнөөдөр зохион
байгууллаа.
Сэлэнгэ
аймаг 2024 оныг "Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил" болгон
зарласантай холбогдуулан зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөн нь байгаль орчин,
аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарын бодлого, шийдвэрийг сурталчлан
таниулах, "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал"
үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, анхаарах асуудлыг тодорхойлоход чиглэлээ.
Бүх нийтээр мод тарих өдөр өнөөдөр тохиож байна. Сэлэнгэ аймаг 2021-2030 он
хүртэл 20 сая ширхэг мод ургуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэсэн ч өнгөрсөн
2 жилийн хугацаанд 10 сая ширхэг мод тарьж, Дорноговь, Өмнөговь, Дундговь
аймагт өөрийн аймгийн тарьц суулгацыг хандивлан “Сэлэнгэ аймгийн нэрэмжит
төгөл” байгуулж, тарьц суулгацаа брэнд болгох эхлэлийг тавиад байгаа юм.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих санаачилгын тэн хагас буюу
500 сая ширхэг модыг Сэлэнгэ аймаг дангаараа тарих боломж харагдаж байгааг
зөвлөгөөний индэр дээрээс аймгийн удирдлага хэлэв.
Сэлэнгэ аймгийн
Байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар нь дотоодын нийт
бүтээгдэхүүний 16.5 хувийг үйлдвэрлэж байгаа нь 2022 оныхоос 3.6 хувиар өсөж,
аймгийн төсвийн орлогын 16.6 хувийг бүрдүүлжээ.
Зөвлөгөөний
нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, “Алсын хараа-2050” урт
хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүс нутгийн хөгжлийн
бодлого”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Тэрбум
мод", "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг Байгаль орчин,
аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарын хэрэгжилттэй уялдуулан
экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй хамгаалах, байгалийн нөөц баялгийг
зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг бүрдүүлж, байгальд ээлтэй тогтвортой,
шинэ аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэн төрөлжүүлж, дэд бүтцийг
сайжруулж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн чанар
стандартад нийцсэн шинэлэг шийдэл бүхий худалдаа үйлчилгээний цогц төвүүдийг
бий болгон хөгжүүлэх боломжууд бидэнд байна.
2024 онд
сэргээн засах эмнэлэг, зочид буудал, аймгийн аялал жуулчлалын салбарыг
хөгжүүлэх төлөвлөгөө, “Эв модны наадам”, аймгийн Нэгдсэн музейн үйлчилгээг
виртуал хэлбэрт оруулах, байгалийн болон түүхэн дурсгалт газруудын орчныг
сэргээн засварлах, тохижуулах, аяллын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэн бүтээн
байгуулалтуудыг хийх, Шаамар сумын “Ээж мод”-ыг шашин мөргөлийн төв болгон
хөгжүүлэх, шинээр отоглох цэг байгуулах, орон нутгийн аялал жуулчлалын
бүсүүдийг тогтоох, менежментээр хөгжүүлэх ажлуудыг төлөвлөн эхлүүллээ” хэмээн
онцлов.
Зөвлөгөөний
үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагын гэрээ
байгууллаа.
Үүнд:
-Төв
аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил
-"Тэрбум
мод" сангийн тэргүүн Б.Баярмаа
-“Оюу
толгой” ХХК-ийн ойжуулалтын төсөл хариуцагч Өлзийбаяр
-“Ногоон
хэрэм” төслийн хариуцагч Ганзориг
-Сайхан
сумын “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин
-Хүдэр
сумын “Эрдэс” группийн захирал Л.Нацагдорж
-Түшиг
сумын “Илч Хужирт” ХХК-ийн захирал Ж.Чулуунбаатар
-Орхонтуул
сумын “Энх зоо” ХХК-ийн захирал Х.Зоригтхүү
-Орхонтуул
сумын “Адекс майн” ХХК-ийн захирал Г.Жамъянсүрэн
-Ерөө
сумын “Хандгайт гол” ХХК-ийн захирал Эрдэмбаяр
-Баянгол
сумын “Сонор трейд” ХХК-ийн захирал Дуламрагчаа
-Баянгол
сумын “Тайхаржин майнинг” ХХК-ийн захирал Н.Өлзийбаяр
-Мандал
сумын “Зууб” ХХК-ийн захирал Б.Золзаяа нар хамтын ажиллагааны гэрээнд гарын
үсэг зурлаа.
Тус зөвлөгөөнд
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Сэлэнгэ аймгийн ЗДТГ,
аймгийн ХХААГ, аймгийн БОАЖГ, 17 сумын Засаг дарга нар болон байгаль орчин,
аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн
нэгж, иргэдийн 400 гаруй төлөөлөл оролцов.
Зөвлөгөөний
үеэр аймгийн төв "Партизаны талбай"-д мод, бутлаг ургамалын тарьц,
суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.