Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-21 12:35:06

КАНБЕРРА/ВЕЛЛИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 21 /CNN/. Францын Засгийн газраас сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэн Шинэ Каледонид үймээн самуун үргэлжилсээр байгаа тул тус нутаг дэвсгэрээс иргэдээ татан авахын тулд нисэх онгоцуудаа өнөөдөр илгээнэ гэж Австрали, Шинэ Зеланд улсууд мэдэгджээ. 


Шинэ Каледони дахь Францын Дээд комиссоос мягмар гарагт мэдэгдсэнээр, нисэх онгоцны буудлаас арилжааны нислэг хийх боломжгүй хэвээр байгаа бөгөөд нийтийн зориулалттай барилга байгууламжуудыг хамгаалахын тулд Францын цэргийн хүчийг илгээх ажээ.  


Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн эмх замбараагүй байдлын улмаас арилжааны нислэгүүд цуцлагдсаны улмаас 3200 орчим хүн Шинэ Каледониос явах эсвэл ирэхээр хүлээж байна. 


Францын 1000 гаруй цэрэг, цагдаа нар тус нутаг дэвсгэрт байрлаж байгаа бөгөөд ойрын үед 600 гаруй алба хаагч нэмэгдэнэ гэж Францын Дээд комиссоос мэдэгджээ.


Эмх замбараагүй байдлын улмаас зургаан хүн амь үрэгдэж, компаниудын байр, автомашинуудыг галдан шатааж, дэлгүүрүүд дээрэм тонуулд өртсөн бөгөөд замууд дээр хаалт байрлуулснаар хоол хүнсний хүртээмж хязгаарлагдаад байна.


Шинэ Зеланд, Австрали улсууд жуулчдаа нүүлгэн шилжүүлэхийн тулд цэргийн нисэх онгоц илгээх зөвшөөрлийг Францын эрх баригчдаас авахаар хүлээж байна гэж мэдэгдсэний дараа даваа гаргийн орой Шинэ Зеланд, Франц, Австралийн Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ. Үүний дараа Францын Батлан ​​хамгаалах зөвлөлийн хуралдаанаар жуулчдад эх орондоо буцах боломжийг олгохоор тохиролцсон байна.


Сонгуулийн эрхтэй холбоотой өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсныг эсэргүүцэн канаки гэдэг уугуул омгийнхон жагсаал цуглаан зохион байгуулжээ. Омгийн удирдагчдын үзэж байгаагаар, энэ өөрчлөлт нь канакичууд саналын эрхээ эдлэхэд сөргөөр нөлөөлөх ажээ.

関連ニュース