Бурханд тахил өргөх үйл ажиллагаа зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-05-23 17:59:23

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Улаанбаатар хот дахь сүм хийдүүд хамтран олон нийтэд зориулан эрдэм соёлын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Түүний нэг гол хэсэг нь төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл “Ёс зүйг эрхэмлэе” уриатай хүндэтгэлийн жагсаал байсан юм. Батцагаан дуганы өмнөх талбайд хүрсэн сүсэгтнүүдийн жагсаал бурханд усан тахил, цэцэг өргөх ёслолоор үргэлжиллээ.


Энэ талаар Дашчоймбол дацангийн гэвш Түвдэнцэрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Зуны эхэн сарын шинийн 15 бол Бурхан багшийн мэндэлсэн, бурхны хутгийг олсон, 81 насандаа нирваан дүрийг үзүүлсэн өдөр гэж үздэг. Бид бурхан багшийг 2500 жилийн өмнө амьдарч байсан гэж яриад сурчихжээ. Түүнээс биш археологийн олдвороор 2900 жилээс цааш байна гэж үзэж байгаа Бурхан багшийг тэр үеийнхээ гал морин жилийн зуны эхэн сарын шинийн 15-нд одоогийн Балбын хилийн ойролцоох Лүмбин гэдэг газар мэндэлсэн. Тэгээд Бодгаяа гэдэг газар 37 насандаа гэгээрсэн. Мөн Зорчигдон /шинэ агаар/ гэдэг газар 81 насандаа таалал болсон. Тэгэхдээ тэргүүнээ умар зүг хандуулан нүүрээ баруун зүгт харуулан хажуулдаж, арслан хэвтэх байдлаар мөнх нойрсох дүрийг үзүүлсэн гэдэг. Энэ тухайгаа "Миний шажин умраас умарт дэлгэрнэ. Би түүнийг бэлгэдэн нас нөгчинө" гэж айлдсан байдаг.


Умраас умарт гэж хоёр удаа хэлсэн лүндэн бошгыг нь “Энэтхэгээс умар зүгт Төвөд, Төвөдөөс умар зүгт Монгол” гэж тайлсан. Үнэхээр Монгол, Төвөд хоёрт бурхны шашны судар тарины ёслол хосолмол байдлаар оргил цэгтээ хүрч хөгжиж чаджээ. Япон, Солонгос, Бирм, Тайланд оронд бурхны шашин дэлгэрсэн үү гэвэл, дэлгэрсэн. Гэхдээ бага хөлгөн тарины ёс дэлгэрэхдээ доод 3 дандар дэлгэрсэн. Түүнээс биш сүүлийн дөрөв дэх дандар дэлгэрч чадаагүй юм байна. Бүрэн ёсоороо Төвөд, Монгол, Хятад гуравт гурван номын орон дэлгэрч чадсан гэж үздэг. 


Бурхны шашинтай хүмүүсийн хувьд энэ өдөр өглөө үүрээр дэгчин сочин аваад, ажил төрлөө зохицуулж, нэг өдрийг бүтэн буян хураахад зориулах боломжтой болсон байна.


Зуны эхэн сарын шинийн 1-нээс эхлээд Гандантэгчэнлин хийдийн гадаах талбайд буяны төвүүд, дацан хийдүүд ээлжлэн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн хувьд, Дашчоймбол дацан болон “Жавзандамба хутагт төв”-өөс үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Энд ирсэн хүмүүс бурханд усан тахил, цэцэг өргөж байна ” гэж ярилаа.


“Жавзандамба хутагт төв”-ийн менежер Ч.Даваахишигээс өнөөдрийн үйл ажиллагааных нь талаар тодруулсан юм.


Тэрбээр, “Бурхны шашны чиглэлээр ажилладаг ТББ-ууд Гандантэгчэнлин хийдтэй хамтраад бурхан багшийн их дүйчин өдрийг угтан зуны эхэн сарын шинийн 8-наас 8 хоногийн хугацаанд Батцагаан дуганы өмнөх талбайд үйл ажиллагаа явуулж байна.  Өнөөдрийн хувьд, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ номын худалдаа, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр бүхий урлагийн тоглолт үзүүлэх байдлаар энэ өдрийг тэмдэглэж байна. Цаад мөн чанар нь энэ баярын өдөр архи дарсгүй, шоу цэнгээнгүй байхад оршиж байгаа юм.


Бурхан багшийг даган дуурайж нүгэл хилэнцийг тэвчдэг онцгой өдрүүд болж байна.. Гандантэгчэнлин хийдэд ирж усан тахил өргөөрэй хэмээн уриалсан нь нийтийн буяны төлөө байсан юм. Буяны үйлийг улам хүчитгэх зорилготой гэж хэлж болно.

Түүнээс гадна энэ өдөр сүсэгтэн олон өглөө босоод бурхан шүтээндээ мөргөж, зул хүжээ өргөөд, архи дарсыг тэвчин үлгэрийн далай, бурхан багшийн сургаалаас судалж, ээж аавдаа буян хурааж, ядарсан нэгэндээ тус дэм болох ёстой өдөр юм” гэж онцолсон юм.









関連ニュース