Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орц гарцыг нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг хоёроор нэмнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс цэцэрлэгт хүрээлэнгийн орц, гарцыг нэмэгдүүлээч гэсэн санал хүсэлтийг ирүүлсэн байна. Тодруулбал, хүйтрэхээс өмнө цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд буюу Маршал таун хотхон талд, баруун хойно буюу “И-Март” худалдааны төв чиглэлд орж, гарах хоёр хаалга нэмж барих юм. Цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хөшөө дурсгал, барилга байгууламж барихгүй, талбай цементлэхгүй байхыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд батлуулахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, уг цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд 15 га орчим талбайг амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар “Ханталст” ХХК эзэмшдэг. Үүнээс 11 га талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх гэрээтэй. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Ханталст” ХХК бүтээн байгуулалтын ажлаа харилцан уялдуулах аж.