“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 30 мянган хүн оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-05-25 11:41:58

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 41 орны 30 мянган гүйгч оролцож, гараанаас гарлаа.


Ес дэх удаагийн “Улаанбаатар марафон"-ыг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Энэ гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Улаанбаатарын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг жилд дунджаар 30 мянга орчим хүн оролцдог. Эндээс Улаанбаатар марафон нь нийслэлийнхний нэгэн чухал соёл болон төлөвшиж буй нь харагдаж байна” гээд нийт оролцогчдод амжилт хүслээ.


Уг олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг сүүлийн хоёр жил өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж, өргөн цар хүрээг хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой юм.




Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.



関連ニュース