Боинг компанийн сансрын хөлөг ОУСС руу амжилттай хөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-06-06 09:05:36

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 6 /BBC/. Америкийн "Боинг" компанид зохион бүтээсэн “Старлайнер” сансрын хөлөг анх удаа НАСА-гийн сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хүргэхээр хөөрчээ.


Уг хөлгийг лхагва гарагт орон нутгийн цагаар 10:52 цагт Флорида муж улсын Канавералын хошуун дахь Кеннедийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас хөөргөсөн байна. Багийн гишүүд бүхий “Старлайнер” хөлгийг “Атлас V” зөөгч пуужингаар гурав дахь удаагийн оролдлогоор сансарт хөөргөсөн бөгөөд өмнөх хоёр оролдлогыг техникийн шалтгааны улмаас цуцалсан юм.  


Уг хөлөг 2019 онд ОУСС руу автомат горимд анхны нислэгээ хийжээ.


“Старлайнер” хөлгийн бүхээгт НАСА-гийн сансрын нисгэгч Бутч Уилмор, Сунита Уильямс нар яваа юм. Нислэг нэг орчим хоног үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хугацаанд сансрын нисэгчид хөлгийн системүүдийг турших ажээ. Тухайлбал, тэд ОУСС руу нисэх замд хөлгийн жолоодлогыг гартаа авах ёстой. Мөн ОУСС-д найман хоног байх хугацаандаа туршилтуудаа үргэлжлүүлэх бөгөөд станцад асуудал гарсан тохиолдолд “Старлайнер”-ын капсулыг хоргодох байр болгон ашиглаж болох эсэхийг шалгах юм.


ОУСС-аас салсныхаа дараа уг хөлөг АНУ-ын баруун нутгийн Нью-Мексико муж улсын цөлд газардах ажээ. 


НАСА "Боинг" компанийг ОУСС руу багийнхныг хүргэх хоёр дахь арилжааны оператор болгохыг  зорьж байна. Одоо Илон Маскийн "СпэйсИкс" компанийн хөлгөөр сансрын нисэгчдийг тойрог замын станцад хүргэж байгаа юм. И.Маск "Старлайнер"-ийг хөөргөхөөс өмнө өөрийн X сүлжээнд "Тэдэнд амжилт хүсье!" гэж бичжээ.

関連ニュース