IBM компани квант технологийн салбарт чухал дэвшил гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
АРМОНК, 2025 оны аравдугаар сарын 27 /unian/. Америкийн технологийн томоохон компани болох "International Business Machines" (IBM) квант технологийн салбарт чухал дэвшил гаргаснаа мэдэгджээ. Тус компанийн инженерүүд квант компьютерын алдаа засах алгоритмыг AMD-гийн энгийн чип дээр ажиллуулж чадсан бөгөөд энэ нь анх тооцоолж байснаас даруй 10 дахин хурдан ажилласан байна.
Квант компьютерүүд нь уламжлалт 0 ба 1 гэсэн хоёр боломжит утгын нэгийг л илтгэдэг бит хэмээх нэгжээр бус харин кубит гэж нэрлэгдэх маш мэдрэмтгий бөөмс дээр ажилладаг квантын бит хэмээх нэгжээр мэдээлэл боловсруулдаг. Эдгээр кубит нь өчүүхэн доргилт, температурын хэлбэлзэл эсвэл цахилгаан соронзон саад зэргээс болж амархан “эвдэрч”, тогтвортой байдлаа алддаг.
Ийм алдааг засахын тулд тусгай алдаа засах алгоритмууд шаардлагатай. Тэгвэл яг эдгээр алгоритмыг IBM компанийн инженерүүд аж үйлдвэрлэл, электроникийн салбарт ихэвчлэн ашигладаг AMD-ийн стандарт бичил чип дээр ажиллуулж чадсан байна.
Эдгээр чипийн гол онцлог нь “уян хатан” бөгөөд тодорхой даалгаварт тохируулан дахин програмчилж болдогт оршино. Өмнө нь ийм алгоритмуудыг ажиллуулахад өндөр өртөгтэй, зөвхөн тодорхой зориулалтын тоног төхөөрөмж шаардлагатай байжээ.
"IBM" компанийн квантын судалгааны газрын захирал Жей Гамбетта хэлэхдээ, тус компанийн алгоритм нь бодит нөхцөлд ажиллаж байгаа ба үнэтэй, тусгай зориулалтын төхөөрөмж шаарддаггүй гэжээ.
Ташрамд сонирхуулахад, АНУ-д ирээдүйн квант компьютеруудын үндэс суурь болж чадах чип бүтээжээ. Нэг хавтгай дөрвөлжин миллиметрийн хэмжээтэй уг чип нь орооцолдсон хос фотонуудыг үүсгэдэг байна.
Ulaanbaatar