Таиландын хааны биеийн байдал тогтворгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-10 10:43:23

БАНГКОК. /NHK/. Таиландын хаан Пумипон Адульядетын биеийн байдал муудсаар байна.

Таиландын Хааны ордон өчигдөр орой мэдэгдэхдээ “бямба гарагт эмч нар гемодиализын эмчилгээ хийн хааны цусны даралтыг бууруулсан” гээд “биеийн байдал нь хараахан тогтвортой болоогүй байгаа учир бүх ажлаа хойшлуулахыг эмч нар түүнд зөвлөсөн” гэв.

Өдгөө 88 настай тэрбээр хаан ширээнд хамгийн удаан суусан хүн болоод байгаа билээ.

Түүний бие сүүлийн хэдэн жилийн турш чилээрхэж байгаа юм. Тэрбээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэг бус удаа эмнэлэгт хэвтэж, өнгөрсөн зургадугаар сард зүрхний хагалгаанд орсон юм.

Таиландын Үндсэн хуульд “хаан албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг томилж болно" гэж заасан байдаг аж.

Таиландчууд хаанаа ихэд хүндлэн дээдэлдэг билээ. Тэрбээр улс төрийн хямралуудын үед улс орноо нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.

Г.Доржханд

 

 

関連ニュース