СҮХБААТАР: Өдөрт 1000 м куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хайрганы үйлдвэр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-27 14:55:58

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Бага өлгий" компанийн чулуу бутлан, ангилах үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Өдөрт 1000 м куб бүтээгдэхүүн буюу 0,5 мм, 5-10 мм, 10-20 мм гэсэн гурван төрлийн хайрга, дайргыг үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн байна.


Тус компани нь өөрийн санхүүжилтээр буюу 800 сая төгрөгөөр "Санёо" брэндийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэл хийж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад зориулан энэхүү өндөр хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.


Ингэснээр аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр болохын зэрэгцээ зам, барилгын засвар үйлчилгээний компаниудын үйл ажиллагаанд ч мөн том дэмжлэг болно гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолж байв.


"Бага өлгий" компани 2011 оноос хойш орон нутагтаа тогтвортой үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ 20 орчим иргэнийг ажлын байраар хангаж байна. 





関連ニュース