ОХУ, Турк хоёр хий дамжуулах хоолой барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-11 10:19:09

ИСТАНБУЛ. /Anadolu/. ОХУ болон Турк улсын хооронд байгалийн хий дамжуулах хоолой барих тухай хэлэлцээр байгуулагдлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар даваа гарагт Истанбул хотноо уулзжээ.

Турк руу Хар тэнгисийн доогуур Оросын байгалийн хийг тээвэрлэх хоолой барих төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр В.Путин болон Р.Т.Эрдоган нар тохиролцсон байна. Дараа нь хийг Европын улсууд руу түгээх юм.

2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагаасны улмаас энэ төслийг түдгэлзүүлээд байсан билээ.

Мөн Туркийн өмнөд нутгийн Аккую хотод атомын цахилгаан станц барих төлөвлөгөөг боловсруулах ажлыг талууд түргэвчлэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн Сирийн Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд хамтран ажиллана гэдгээ хоёр улсын удирдагчид илэрхийлжээ.

Оросын арми Сирийн Засгийн газрыг дэмжин террористуудад агаараас цохилт өгөх ажиллагаа явуулж байгаа билээ. Харин Турк улсын хувьд Сирийн засгийн газрыг эсэргүүцэгчдийг дэмждэг юм.

Орос болон Турк хооронд үүссэн хурцадмал байдал намжиж байгаа нь Сирийн иргэний дайныг эцэс болгоход нөлөөлөх нь дамжиггүй.

Г.Доржханд

 

関連ニュース