Нормандын дөрвөлийн удирдагчдын уулзалт Берлинд болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-11 10:42:06

ИСТАНБУЛ. /TASS/. Нормандын дөрвөлийн удирдагчид буюу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины Ерөнхийлөгч Петер Порошенко нар энэ сарын 19-нд Берлин хотод уулзаж магадгүй гэж Оросын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков мэдэгдэв.

Уулзалт энэ сарын 19-нд болох эсэхийг түүнээс асуухад тэрбээр "уулзалтыг Берлин хотод зохион байгуулахаар төлөвлөсөн" гэж хариулжээ.

Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, уулзалт хаана, хэзээ болох талаар мэдээлэл өгөхөөс татгалзаад, бүх зүйл бэлэн болсны дараа мэдээлнэ гэсэн юм.

Харин Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Айро, Нормандын дөрвөлийн дээд хэмжээний уулзалт В.Путиний Парист хийх айлчлалын дараа тус хотод болж магадгүй гэсэн бол Францын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Оливье Говен хэлэхдээ, уг уулзалт Берлинд болж магадгүй гэлээ.

Д.Нямтулга

 

関連ニュース