СҮХБААТАР: Мал эмнэлэг үржлийн тасгууд вакцин хадгалах хөргүүртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-13 14:26:49

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ хөдөө төслийн хүрээнд малын эм, био бэлдмэл, вакцин болон халдварт өвчний тест хадгалах зориулалт бүхий хөргүүрийг 13 сумын мал эмнэлэг, үржлийн тасагт олголоо.


 

МЭҮТ-ууд өмнө нь аймгийн МЭГ-ын хөргүүрт хадгалагдаж буй вакциныг зориулалтын бус машинаар тээвэрлэж, нар тусахгүй сэрүүхэн газарт хадгалдаг байжээ. Яг ийм жишгээр олон жил явсны эцэст анх удаа зориулалтын хөргүүртэй болсон нь энэ юм. Уг хөргүүр нь сумын ЗДТГ-т байрлана.

 

Мөн төслийн хүрээнд 13 ширхэг малын эхо аппартыг орон нутагт олгосон. Эдгээрийг одоогоор албан ёсоор хариуцах эзэнд нь өгөөгүй байгаа юм. Учир нь аймгийн хэмжээнд мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 56 ААН-ээс сонгон шалгаруулалт хийсний дараа олгоно. Өөрөөр хэлбэл эхо аппаратыг тасаг бус яг малын эмч нарт нь хариуцуулах юм байна.

 

Улсын төсвийн 161,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий уг ажлыг Улаанбаатар хотын “Сүвэн-Уул” ХХК тендерээр нийлүүлжээ.

 

関連ニュース