Согтууруулах ундаагаар үйлчилдэггүй өдрийг цуцлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙAрхи, согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, “МАН-ын мөрийн хөтөлбөрт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа төрийн дарамтыг арилгана” гэсэн заалтыг биелүүлж, сар бүрийн 25, баасан гариг бүр гээд сард 5-6 өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байсан захирамжийг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан цуцлав гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Б.Гэрэлт-Од мэдээллэв.
Аймгийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний 695 үүнээс Эрдэнэбулган суманд 244 байгууллага байдаг. Үүнээс архи, согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 122 ААН байдаг. Эдгээр байгууллагын төлөөлөл архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 75 байгууллага, ААН, дэлгүүрийн эзэд аймгийн Засаг даргад 2016.08.18-ний өдөр хүсэлт ирүүлсэн.
Энэ хүсэлтэнд “Аймгийн Засаг даргын сар бүрийн 25, 7 хоног бүрийн баасан гаригт согтууруулах ундаагаар үйлчлэхгүй”- гэсэн захирамжийн биелэлтийг хангаж өнөөдрийг хүртэл ажилласан. Уг захирамжийн дагуу цаашид хувийн хэвшлийн болон жижиг дунд бизнес эрхлэгчид /ресторан, зоогийн газар, дэлгүүр г.м/ үйл ажиллагаагаа явуулахад хүнд дарамт, түүнчлэн өнөөгийн эдийн засгийн хямрал, ажлын байраа хадгалж, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нэн хэцүү байдалтай. Иймд уг захирамжид өөрчлөлт оруулж, зөвхөн сар бүрийн 1-нд байхаар тогтоож өгнө үү” гээд байгууллагын нэр, тамга, гарын үсэг бүхий хуудсуудыг хавсаргасан байна.
Л.Булган