ДАРХАН-УУЛ: Дархан хотын “Хүндэт иргэн”-ээр Ц.Дэмидванданг батламжлан алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-16 15:17:48

Дархан, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 17-ны өдөр Дархан хот байгуулагдсан өдрийг тэмдэглэдэг. Маргааш Дархан хот байгуулагдсаны 63 жилийн ой болох бөгөөд ойн хүндэтгэлийн баярын хурал өнөөдөр Залуучууд театрын их танхимд боллоо.


Энэ үеэр хотынхоо эрүүл мэндийн салбарын түүхэнд үнэтэй, бодитой хувь нэмэр оруулсан “Дархан-Харзтай” ХХК-ийн “Харзтай” шүдний эмнэлгийн захирал, их эмч Ц.Дэмидванданг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын захирамжаар Дархан хотын дээд шагнал “Хүндэт иргэн” цол тэмдэг, мөнгөн шагналаар шагналаа.


Ц.Дэмидвандан нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн салбарт 1991 оноос хойш тасралтгүй үр бүтээлтэй, санаачилгатай ажиллаж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, байр сууцанд орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, нотолгоонд суурилсан нүүр амны өвчнийг эмчлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг олон хувь нэмэр оруулсан байна.


Харзтай эмнэлэг нь MNS ISO 9001:2016 менежментийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, алба, багийн зохион байгуулалтын нэгжийн бүтцээр ажиллаж байгаа орон нутгийн анхдагч төдийгүй улсдаа тэргүүлэх шүдний эмнэлгийн нэг юм.



関連ニュース