ХОВД: Төлөөлөгчид орон нутгийн цаг үеийн ажилтай танилцаж, тулгамдсан асуудлыг судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ энэ долоо хоногт Хороодын өдөрлөг зохион байгуулж байна.
Орон нутгийн 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр иргэдийн олонхын саналыг авч, тус аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчид өдгөө дэд бүтэц, байгаль орчин, хууль эрх зүй, төсөв санхүү, цахим бодлогын чиглэлээр таван хороонд хуваагдан ажиллаж буй.
Тэд эхлээд албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, орон нутгийн цаг үеийн ажилтай тусгай хуваарийн дагуу танилцаж, зарим тулгамдсан асуудлын талаар судалж, мэдээлэл солилцож байна.
Төлөөлөгчид өчигдөр дэд бүтцийн салбарын зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр байгаль орчны салбарынхантай уулзана.
Онцлоход, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хороонд ажиллаж буй төлөөлөгчид энэ сарын 28-нд "Ховд" дулааны станц болон "Бадамлах дөл" ХХК-ийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр "Ховд" дулааны станцын өргөтгөлийн ажилд дэмжлэг үзүүлэх, мөн дулаан дамжуулах үнийг нэмэх чиглэлд анхаарах тухай саналыг аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчдөд уламжиллаа.
Үүнээс гадна “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэр шинэ цэвэрлэх байгууламж барих талаар санал хэлсэн. Харин "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн хувьд цаашид зарим сумын цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх шаардлагатай байгаа тухай танилцуулсан гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.