ГОВЬ-АЛТАЙ: Томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-02 17:28:03

Говь-Алтай, 2025 оны нэгдүгээр сарын 02 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хүргэлээ. 

 

Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 23-29ий өдрүүдэд Говь-Алтай аймгийн хэмжээнд амбулаториор 3857 үзлэг хийснээс 453 буюу 11.7 хувь нь томуу, томуу төст өвчин байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад үзлэгийн тоо 687-оор, бүртгэгдсэн өвчлөл 213-аар, томуу, томуу төст өвчний эзлэх хувь 2 хувиар буурсан байна.

 

Мөн хугацаанд яаралтай тусламжийн 233 дуудлага хүлээн авч үйлчилснээс 64 буюу 27.5 хувь нь томуу, томуу төст өвчлөл байгаа нь өмнөх долоо хоногоос дуудлагын тоо 25-аар, өвчлөл 45-аар, томуу, томуу төст өвчний эзлэх хувь 14.7 хувиар буурчээ

 

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт томуу, томуу төст өвчнөөр 517 хүн өвчилснөөс 355 нь15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа тухай Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв.


Говь-Алтай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт “Улирлын томуу, томуу төст өвчний тархалтын хүндрэлийн үнэлгээ”-ээр гуравдугаар түвшин буюу алаг цоог түвшинд байна. 

関連ニュース