Хүлэрт намаг хатаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-23 23:08:19

Сүүлийн жилүүдэд хүлэрт намаг хатаж байгаа учир нутгийн иргэд жилийн дөрвөн улирал намагтай бүсд нутаглах болсноор газар орон хүчтэй доройтсон байна гэж “Wetlands international” олон улсын байгууллагын хээрийн судалгааны багийнхан дүгнэжээ.

Орхоны хөндийн цогцолборт газарт багтах Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумын зургаан багийн нутаг дэвсгэр дээр 2011 оноос бэлчээрийн судалгаа хийхэд 154646 га газар нутгийн 52 хувь нь хүчтэй, 38 хувь нь дунд, үлдсэн хэсэг нь хэвийн ба бага зэрэг доройтсон гэсэн дүгнэлт гаргажээ.

Жишээлэхэд, зөвхөн Хашаат сумын нутагт байрлах Лүнийн намгийг авч үзэхэд, сүүлийн гучаад жилийн хугацаанд бараг хоёр дахин багассан байдалтай байна .

Хашаат сумын Номгон, Цайдам багийн нийт өрхийн тэн хагас нь хүлэрт намагтай бүс нутгийг жилийн 180 буюу түүнээс дээш хоногт ашигладаг нь тогтоогджээ. Лүнгийн намгийг дээрх багийн малчид бэлчээрт ашиглахаас гадна зэргэлдээх багуудын малчид ирж хадлан бэлтгэдэг байна.

Судалгаагаар дурьдсан хоёр багийн 74 өрхийн 26000 бод мал жилийн 180-240 хоногт бэлчээрлэж идээшлэдэг нь тогтоогджээ.

 

Хүлэрт намагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг малын тоо толгой ихэсч, бэлчээрийн даац хэтэрч байгаатай орон нутгийнхан холбон үзэж байна.

     Л.Булган

 

関連ニュース