Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-20 09:36:09

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарыг сонголоо.


Түүнийг ССАЖЗЯ-наас санал болгосон бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /ҮИБНЗХ/-ны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байгаагаа онцоллоо. Тиймээс нээлт, хаалтын ёслолын агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг  албаныханд сануулсан байна.


Тэгвэл баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар боллоо.


Дараагийн хуралдаанаар наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулах асуудлыг танилцуулна. Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар батлах юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын бэлтгэлийн явцтай зургаадугаар сарын 15-нд танилцана. 



関連ニュース