ХОВД: Улсын аварга малчин Л.Отгонбаяр жилд 500-600 гаруй төл мал бойжуулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгаас энэ жил улсын аварга малчин өрх ес тодорсон. Үүний нэг бол Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Л.Отгонбаярын гэр бүл юм.
Л.Отгонбаяр бол Эрдэнэбүрэн сумаас тодорсон 14 дэх Улсын аварга малчин гэдгээрээ онцлогтой.
Улсын аварга малчин
Л.Отгонбаяр, гэргий С.Дарьсүрэн нар ийнхүү шагналаа хүлээн авлаа.
Тэд "үе удам залган 30
гаруй жил мал маллаж байгаа бөгөөд малын тооноос илүү чанарт анхаарч, бэлчээрийг
зохистой ашиглах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах ажлыг
чухалчилдаг” гэлээ.
Эднийх сүүлийн 10 орчим жил
мянгаас дээш толгой мал тоолуулж байна.
Сүүлийн гурван жилд төл малын хорогдол
гараагүй, жил бүр 500-600 гаруй төл мал хүлээн авч бойжуулж байгаа. Тодруулбал, 2022 онд 547, 2023 онд 623, 2024
онд 531 толгой мал төллөсөн юм.
Хээлтэгч малыг тогтвортой өсгөж, хээлтэгчийн хувийн жинг бод малд 37.5-38.9 хувь, бог малд 54.0-56.6 хувь хүргэсэн нь мал сүргээ үр төлөөр нь өсгөх үндсэн нөхцөл болжээ.
Л.Отгонбаяр өвөлжөө,
хаваржаандаа тохилог сууц барьж, хашаа хороогоо тохижуулан мал маллаж сайхан
амьдрахын үлгэр дуурайллыг үзүүлж байгаа шилдэг малчдын төлөөлөл юм.
Тэрбээр байгалийн хадлан, агь навч,
гар тэжээл, хужир шүү зэргийг жил бүр бэлтгэдэг ба нутгийн залууст мал маллах
аргыг зааж, зөвлөж яваа. Мөн түүний хоёр хүү үе удам залган малчин болжээ.
Улсын аварга малчин
Л.Отгонбаяр Увс аймгийн Өндөрхангай сумаас баяд үүлдрийн шилмэл омгийн хуц,
Өлгий сумаас улаан омгийн ухна, Завхан аймгийн Дөрвөлжин сумаас ухна, мөн Сүхбаатар
аймгийн Асгат сумаас гүү, Дорноговь аймгийн Алтанширээ сумаас азарга авч, малынхаа
үүлдэр угсааг сайжруулсан байна.
Үүнээс гадна нэг өрхийг есөн
жилийн турш туслах малчнаар ажиллуулж, 600 гаруй толгой малаар малжуулжээ.