ХОВД: Малчин Д.Баатархүүгийнх үхэр сүргийнхээ тоогоор сумандаа тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-26 18:06:16

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгаас энэ жил “алтан төлийн эзэн”-ээр дөрвөн малчин өрх тодорчээ.  

МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран жил бүр “Алтан төлийн эзэн” шагнал олгодог уламжлалтай.


Энэ жилийн тухайд:

  • Дарви сумын Дэлгэр багийн малчин С.Төгсбаярын гэр бүл "Алтан унага" 
  • Мянгад сумын Баянбулаг багийн малчин Б.Бадам-Ёндонгийн гэр бүл "Алтан хурга" 
  • Зэрэг сумын Гүвээ багийн малчин А.Нацагдоржийн гэр бүл “Алтан ишиг”
  • Чандмань сумын Сүлжээ багийн малчин Д.Баатархүүгийн гэр бүл “Алтан тугал”-ын эзнээр тус тус шалгарч, шагналаа хүлээн авлаа.   

Онцлоход, малчин Д.Баатархүүгийнх малыг таван төлөөр нь өсгөж байгаа бөгөөд одоогоор үхэр сүргийнхээ тоогоор сумандаа тэргүүлж байна. 

Ховд аймгийн Чандмань суманд 598 малчин өрхийн 310123 толгой мал бий.  Үүнээс Сүлжээ баг 101 малчин өрх, 66733 толгой малтай.


Сүлжээ багийн малчин Д.Баатархүүгийн тухайд 1800 гаруй толгой мал тоолуулснаас 250 нь үхэр юм. 

 

Тэрбээр малын тоонд бус чанарт анхаарч, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах нь хамгийн чухал гэдгийг онцоллоо.  


Д.Баатархүү бол бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөхөд бодит хувь нэмэр оруулж байгаа туршлагатай малчдын нэг юм.

Дарви сумаас Сутай омгийн хуц, Увс аймгийн Өлгий сумаас ухна худалдан авч, малын үүлдэр угсааг сайжруулсан ба малынхаа ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлжээ.  

Тэрбээр сум, аймаг, бүсийн “Шилмэл мал” уралдаанд тогтмол амжилттай оролцдог.  2011 онд нутгийн өндөр ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаанд ноолуур, сүүний чиглэлийн ямаагаар оролцож, алтан медаль, “Шилмэл сүрэг” гэх гэрчилгээ авч байжээ. 

Мөн өөрийн сүргээс өсвөр насны хээлтүүлэгч бойжуулан орон нутгийн малчдад борлуулж, цөм сүрэг бий болгоход ихээхэн анхаарч байна. 


Д.Баатархүүгийнх сүүлийн гурван жилийн хугацаанд 1200 гаруй толгой мал борлуулж, малын гаралтай түүхий эд, сүү, цагаан идээ боловсруулан зах зээлд нийлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлээс 34.7-60.6 сая төгрөгийн орлого бүрдүүлэн өрхийн амьжиргаагаа дээшлүүлжээ. 

Өдгөө хоёр туслах малчныг цалинжуулдаг ба гурван өрхийг нийгмийн хариуцлагын хүрээнд малжуулсан байна. Нутгийн иргэдэд туслах хандивын аян, олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог, алсын отор нүүдэл хийх, бэлчээр, уст цэгийг хуваарьтай ашиглахад манлайлан залуу малчдад үлгэр дуурайлал болж байгааг сум, багийн удирдлагууд онцоллоо. 

関連ニュース