ХОВД: Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн томоохон гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн, хаврын улиралд мөс хэврэгшиж байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар Ховд, Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган, Төгрөг, Буянт гол болон Хар ус нуурын мөсний зузаан 20-100 см, зарим газарт мөс харлах үзэгдэл ажиглагдаж байна.
Эдгээр гол, нуурын мөсний зузааныг олон жилийн дундажтай харьцуулахад 10-45 см-ээр нимгэн байгаа юм.
Хаврын улирлын цаг агаар дулаарах үзэгдэлтэй холбоотойгоор мөс хэврэгшиж, нимгэрч байгаа тул иргэд, тээвэрчид гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байх, мөс цөмрөх аюулаас сэргийлэхийг Ховд аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Өнөөдөр Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр байх төлөвтэй. Агаарын температурын хувьд уулархаг нутгаар +9+14 градус, бусад нутгаар +14+19 градус дулаан байна.