Хоёр хүүхэд тутмын нэг нь эхийн сүүгээр хооллож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн байдлаар гурван хүүхэд тутмын нэг нь төрснөөс хойш нэг цагийн дотор ангир уургаа амлаж чаддаггүй байна.
Нийгмийн
үзүүлэлтийн 2023 оны түүвэр судалгаагаар нярай хүүхэд төрснөөсөө хойш нэг
цагийн дотор ангир уургаа амлаж чадаагүй үзүүлэлт хотод хөдөөгийнхөөс 9 нэгж хувиар бага гарчээ.
Мөн 5 хүртэлх сартай хоёр
хүүхэд тутмын нэг нь эхийн
сүүгээр дагнан хооллож байна. Зохистой байдлаар хооллож буй 6-23 сартай хүүхдийн хувь өмнөх
судалгаануудынхтай
харьцуулахад багасжээ. Тухайлбал, 2023 оны судалгаагаар зохистой
байдлаар хооллодог 6-23
сартай хүүхэд хөдөөд 16 хувь байгаа нь хотынхоос 1.8 дахин бага үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Тус судалгаагаар нярай болон бага насны хүүхдийн
хооллолтын талаарх мэдээлэл цуглуулдаг байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ-аас нярай хүүхдийг төрснөөс нь хойш 1 цагийн дотор амлуулах, 0-6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, 0-2 нас хүртэл, түүнээс цааш үргэлжлүүлэн хөхүүлэх, мөн нярай, бага насны хүүхдийг ялангуяа 0-2 нас хүртэл нь зөв зохистой хооллосноор эсэн мэнд амьдрах боломжийг нэмж, өсөлт хөгжлийг нь дэмждэгийг ДЭМБ зөвлөдөг аж.