Байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийн тоог нэмэх хүсэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-04-13 13:35:27

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силватай баасан гарагт уулзлаа.


Уулзалтын эхэнд сайд С.Одонтуяа энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож буй онцгой жил гэдгийг дурдаад Францын тал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экспертээ Монголд ажиллуулж байгаад талархлаа илэрхийлэв. Тэрбээр, байгаль орчны салбарт хамтран хэрэгжүүлэх төслийн тоог нэмэх, тэр дундаа ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо тэмдэглэлээ. Мөн, Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх онд зохион байгуулах бэлтгэл хангаж, энэ хүрээнд Францын талтай үр дүнтэй хамтрах хүсэлтэй байгаагаа тодотгожээ.


Талууд уг бага хурал нь хоёр орны хамтын ажиллагааны луужин болж, байгаль орчны салбар дахь хамтын ажлыг өмнөхөөс эрчимжүүлэх боломж хэмээснийг БОУАӨЯ мэдээлэв.


Сайд С.Одонтуяа энэ сарын сүүлээр Парис хотноо болох “ChangeNOW” форумд оролцохоор төлөвлөж байгаагаа хэлсэн бол Элчин сайд хатагтай Коринн Пэрера Да Силва сайд С.Одонтуяаг 6 дугаар сард Францын Нийс хотод зохион байгуулах НҮБ-ын Далайн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. 

関連ニュース