Хомын тал Байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн батламжаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-10-09 11:05:57

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хомын тал Байгалийн цогцолборт газар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн 12 дахь газар болж, батламжаа авлаа. 


ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал” сургалт, хэлэлцүүлэг Хомын талын Байгалийн цогцолборт газарт энэ сарын 7-9-нд зохион байгуулах үеэр батламжийг гардуулсан юм. Үүнд БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, ЮНЕСКО-гийн МҮКн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүхэй, Хомын талын Байгалийн цогцолборт газрын удирдлага, мэргэжилтэн, нутгийн иргэд, Завхан аймгийн удирдлага, олон улсын төлөөллүүд БНЧУ-ын Долни Морова, Японы Цүкүбагийн их сургуулийн профессор Ёшихико Ийда, “Тусгай хамгаалалаттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийн төлөөлөл оролцжээ.


ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газарт Монгол Улсаас Дорнод Монголын, Монгол дагуурын, Богдхан уулын болон Говийн их дархан цаазат газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар, Хөвсгөл, Хустай, Хар Ус нуурын, Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, Тосон хустайн байгалийн нөөц газар багтсан байдаг. 


ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийг 1971 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр нь байгаль, нийгмийн шинжлэх ухааныг эдийн засаг, боловсрол, чадавхыг бэхжүүлэхтэй холбон биологийн олон янз байдал, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн байдаг. 


Ташрамд дурдахад, энэ оны 9 дүгээр сарын 26-28-нд болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хуралдаанаар  Хомын талын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд амжилттай бүртгүүлсэн юм.



関連ニュース