Эрмитаж музейтэй хамтарч Алтан ордны улс, бурхны шашны соёлын өвийг судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. ОХУ-д ССАЖЗЯ-ны харьяа Музейн байгууллагын удирдлагууд дэлхийн урлаг, түүх соёлын үзмэрийн хамгийн баялаг сан хөмрөгтэй Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич Б.М.Пиотровскийтэй уулзжээ.
Уулзалтаар академич М.Б.Пиотровский Монголын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр Эрмитажийн музейтэй танилцаж буйд талархаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж тухайлсан үзэсгэлэн, ном товхимол, хээрийн шинжилгээний анги гаргаж, эрчимтэй хамтран ажиллах санал тавьсан байна. Эрмитажаас Монголын зарим судлаачтай өрнүүлж ирсэн уламжлалт харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгааг онцлов.
Тухайн музейн Монголын танхимд маш олон үнэт дурсгал хадгалагддаг бөгөөд тэдгээрийн дунд Ноён уулын болон бурхны шашны эд зүйлсийн цуглуулга нь дэлхийд алдартай. Удахгүй бурхны соёл дахь монголчуудын хувь нэмрийг тодотгох томоохон үзэсгэлэнг Буриадаас ирсэн дурсгалуудтай хамтран дэглэн гаргахаар ажиллаж байгаа аж.
Эрмитаж музейтэй сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж, Монголтой холбоотой цаг үеийн дурсгалуудыг “Дэлхийд тархсан Монгол өв” цувралд таван боть болгон хэвлүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлсэнд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун талархлаа илэрхийлэв. Тэрбээр Чингисийн чулууны бичээсийн А хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед айлчлахад дурсгал болгосон нь гадны улсуудаас хамгийн анх Чингис хаан музейг дэмжиж өгсөн соёлын өвийн хуулбар гэдгийг тодотгон тэмдэглэжээ.
Мөн Эрмитаж музей нь Монголын Алтан орд улсын өв, бурхны шашны хамгийн баялаг сан хөмрөгтэй учир хамтарсан судалгаа хийх, үзэсгэлэн, ном каталог хамтран гаргах сонирхолтойгоо дуулгаад, хамгийн баялаг судалгааны үр дүнг тус музейд хадгалж байгаа бөгөөд түүнийг Монголд хэвлэн нийтлэх хүсэлтээ илэрхийлсэн байна.
Уулзалтын дараа Монголын музейн удирдлагууд Улсын Эрмитажийн Алтан сан хөмрөгт хадгалдаг хосгүй үнэт дурсгалуудыг үзэж, сан хөмрөгтэй нь танилцжээ.