СЭЛЭНГЭ: Монгол үндэсний малгай, дээл, бүс, гутал өөр өөрийн гэсэн бэлгэдэлтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол үндэсний малгай, дээл, бүс, гутал нь өөр өөрийн гэсэн
бэлгэдлийн утга агуулгатай байдаг. Мандах төрийн малгай, тэгш төрийн
дээл, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал хэмээн хүндэтгэж иржээ.
Монгол угсаатны дээл хувцас бол монгол үндэстний өвөрмөц
онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд хамгийн үнэмшилтэй соёлын
үзүүлэлтийн нэг юм. Эдгээр нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхэлж буй мал аж
ахуй, амьдралын хэв маяг, эрхэмлэж заншсан сэтгэлгээний үнэлэмж, дээдлэн
хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан
онцлогтой байдаг.
-Мандах төрийн малгай хэмээн хүндэтгэн нэрлэж, хурц шулуун, харилтгүйн утга
бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч
явахыг бэлгэдсэн байна.
Монголын олон овог ястнууд өөр өөрийн онцлог бүхий олон төрлийн малгай хийж
хэрэглэж иржээ. Монгол үндэсний малгай нь эрэгтэй, эмэгтэй,
хүүхдийн гэж ялгахаас гадна өвөл, зуны мөн энгийн, гоёлын, өдөр тутмын,
ёслолын гэх мэт олон төрөл байдаг.
-Тэгш төрийн дээл хэмээн дээлийг хүндэтгэдэг. Хүний биеийг төв шулуун, тэгш
намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ.
-Бүтэх төрийн бүс хэмээн бүсээ хүндэтгэдэг. Бүс нь задгай тасархайг бэхлэн
батжуулах, сарнисныг эвлүүлэхийн утгатай юм. Дээлийн бүс бол эр хүний хийморь
лундааг илтгэхээс гадна буян хураахын бэлгэгдэл ч хэмээн үздэг байна.
Монгол хүн дээлээ бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун
ташаандаа хавчуулан тогтоодог байна.
Ястан үндэстэн бүр өөрийн онцлог, хэв маягийг илэрхийлсэн дээлийг өмсдөг. Монгол
оронд нутагладаг 20 орчим ястан нь 400 орчим төрлийн дээл хувцас өмсдөг бөгөөд
хүүхэд, эрэгтэйчүүдийн дээл хувцас ойролцоо боловч эмэгтэйчүүдийнх нэлээд
ялгаатай байдаг байна.
-Түших төрийн гутал. Монгол үндэстэн
эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр
хоншоортой монгол гутал хийж өмсөж иржээ. Монгол гутал хэлбэр хийц, загвар
төрлийн хувьд маш олон янз байдаг.
Тухайлбал, монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг,
тоохуу,
бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг.
Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас гучин хоёр угалзтай байна.
Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо
сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг.