Ц.Отгонцэцэг: Зүрх судасны өвчнөөр нас барах шалтгаан нь артерийн даралт ихсэх гэж үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-31 13:46:25

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед залуус ихээр өртөөд байгаа нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчин, түүнээс хэрхэн сэргийлж болох талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны эмч Ц.Отгонцэцэгтэй ярилцлаа.

 

-Зүрх судасны өвчлөл залуужих боллоо. Нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа энэ өвчнийг хүмүүс ковидын вакцинтай холбон үзэх болсон. Энэ талаар эмч хүний хувьд иргэдэд үнэн зөв мэдээллийг өгнө үү?

-Гэнэтийн нас баралт гэж ярьдаг. Зүрх судасны өвчнөөр нас барах шалтгаан бол артерийн даралт ихсэх юм. Үүнийгээ хянаж чадахгүйн улмаас гэнэт нас бардаг. Мөн нөгөө талаар оношлогдохгүй явсаар залуу хүмүүс хэм алдагдлын шалтгаанаар нас барж байна. 

Мөн зүрхний шигдээс, цээжний бах, цочмог шигдээс гэж ярьдаг энэ бүхэн зүрх судасны өвчний гэнэтийн нас баралтад хүргэдэг. 


Гэхдээ тухайн хүний нас, эрэгтэй эмэгтэй хүйс, бодисын солилцооны эмгэг өөрчлөлт ямар байна, хавсарсан эмгэг өөрчлөлт хэр байна гэдгээс бас шалтгаална.


Харин вакцинтай холбоотой гэнэтийн нас баралт гэж байхгүй.


-Зүрх судасны өвчнийг үүсгээд байгаа гол хүчин зүйл юу вэ?

-Зүрх судасны өвчлөл өөрөө халдварт бус өвчлөлд ордог. Энэ халдварт бус өвчлөл нь нийт нас баралтын 80 хувийг эзэлдэг. Гэхдээ зүрх судасны өвчнийг дангаар нь халдварт бус өвчин гэж үзэхгүй. Чихрийн шижин, хорт хавдар, амьсгалын замын тогтолцооны, архаг гэсэн 4 том бүлэгт ордог. Зүрх судасны өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан нь артерийн даралт ихсэх гэж үздэг. Артерийн даралт нь өөрөө тархины цус харвалт, зүрхний шигдээсний 70-80 хувийг эзэлж байна.

Эдгээр гол шалтгааныг нь арилгачих юм бол энэ өвчнөөр нас бараад байгаа иргэдийнхээ тоог цөөрүүлж чадна гэсэн үг. Тэгэхээр артерийн даралтаа зөв зүйтэй оношлоод эмчлэх нь чухал.


Яг даралт ихсэлтийн гол эмчилгээ гэх юм бол тухайн өвчтөн үйлчлүүлэгчээс өөрөөс нь 100 хувь шалтгаалдаг. Эрүүл амьдралын хэв маягийн өөрчлөлтийг удаан хугацаанд амьдралын хэв маягаа болгож өөрчилж чадаж байна уу гэдгээс ихээхэн шалтгаална. Энэ бол маш чухал.


Мөн эмийн эмчилгээ орж ирнэ. Дараа нь эрүүл амьдралын хэв маягт зүрх судасны системд хэрэгтэй хоол хүнс хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг бий болгох, согтууруулах ундаа, тамхийг татгалзах зэрэг хэв маягийг амьдралынхаа туршид дадал болгож чадах юм бол үнэхээр зүрх судасны өвчнөөр нас бараад байгаа эрсдэлт хүчин зүйлийг арилгаж чадна.

Эмийн эмчилгээг тухайн эмчдээ үзүүлээд зөв оношлоод, тохирсон эмийг зөв тунгаар удаан хугацаагаар тогтмол уух нь үр дүнтэй. 


-Ямар хүмүүс өртөөд байна вэ?

-Манайд өдөр тутамдаа үзүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь таргалалттай, бодисын солилцооны эмгэгтэй байна. Эдгээр хүмүүст даралт ихсэх, өөх тосны хэмжээ нэмэгдэх, цус нь өтгөрөх асуудал байна. 

Иймээс иргэд өөрөө зөв хооллох, жингээ барих нь зүрх судасны өвчнөөс хамгаалах гол зүйл. Хүмүүс жингээ барьж байгаа ч даралт нь ихсэх тохиолдол гарна. Гэвч тогтмол даралтын эмээ уухгүй ихэссэн үедээ уудгаас энэ шалтгаан бий болдог. Ихэссэн үед биш дор хаяж 3 цагийн өмнө ууж байж тухайн даралтаа сайн хэвийн хэмжээнд барьж чадна.


-Энэ өвчлөлийг бууруулахад юуг анхаарах вэ?

-Эрүүл мэндийн боловсролыг нэг өгөөд зогсох биш, ойрхон давтамжтай олон удаа байнга өгч байх хэрэгтэй гэж боддог. Бас нийтээрээ идэвхтэй дасгал хөдөлгөөнийг бий болгох. Эрүүл  мэндийн боловсролыг л сайн өгөх хэрэгтэй. Жин ихсэхэд яах вэ даралт ихэснэ. Ингэснээр зүрх судасны өвчлөл үүсэж нас барна гэсэн мессежийг л байнга өгөх нь зүйтэй.

 

Иргэд өөрсдөө л өөрийгөө сайн хянаад явчих юм бол зүрх судасны өвчний хамгийн том шалтгааныг устгаж чадна. Иргэн өөрөө өөртөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх гээд өөрийнхөө төлөө өндөр шаардлага тавьж, хариуцлагатай байх юм бол 100 хувь сэргийлж чадна.

Хүмүүс 100 хувь эмэнд найддаг. Хэзээ ч эмэнд найдаж болохгүй. Хэдийгээр эм тухайн өвчнийг эмчлэхэд зориулагдсан ч гэсэн амьдралын хэв маяг гэдэг зүйл чинь хэзээ ч эмийн өмнө явж байдаг.


Манай монголчууд өвдсөн хойноо л ирдэг юм болов уу гэж би боддог. Нас баралт залуужаад байгаагийн цаана тухайлбал 20 настай хүүхэд байна гэж бодоход тэр илүүдэл жинтэй, чихрийн шижинтэй байна. Иймээс энэ хүүхэд өвчнийг өөрийн амьдралын хэв маягаасаа л олж байгаа хэрэг.

-Ярилцсанд баярлалаа.

関連ニュース