Япон хэл, соёлыг таниулах өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-16 17:37:52

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Монгорү Цүүшин” сониноос “Япон хэл, соёлын өдөрлөг”-ийг энэ сарын 16-18-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Энэхүү өдөрлөгийн үеэр Нийслэлийн тэргүүний 23 дугаар дунд сургуулийн сурагчдын урлагийн тоглолт болно. Мөн цаас нугалж дүрс бүтээх, япон хоол хийх үзүүлбэр, амталгаа, “Япон орны тухай хэн сайн мэдэх вэ?” асуулт, хариултын уралдаан,  япон ханзаар каллиграф бичих үзүүлбэр, япон тоглоом кэндама тоглох зэрэг үйл ажиллагаа болох юм. Түүнчлэн энэ үеэр кимоно өмсөн ландшафттай зураг авахуулах боломжтой.


104 жилийн түүхтэй Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгорү Цүүшин” япон хэлээрх 7 хоног тутмын сонин  2003 оны 10 дугаар сараас хэвлэгдэж эхэлсэн түүхтэй. Тус сонин Монголын улс төр, эдийн засаг, урлаг, соёл, спорт зэрэг бүх салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, нийтлэлийг япон хэлтэй уншигчдад зориулан үнэн бодитой, хурдацтай хүргэдгээрээ онцлогтой юм.


関連ニュース