СЭЛЭНГЭ: Рентгений сувилагч Б.Мөнхцэцэг 102941 хүнд онош тодруулах үйлчилгээ үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан
сувилагчдаа алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ удаа 27 жил тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген техникчээр ажиллаж
байгаа Б.Мөнхцэцэгийг онцоллоо.
Б.Мөнхцэцэг 1988 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг рентген техникч мэргэжлээр төгссөн
цагаас өдийг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген техникчээр ажиллаж байна. Түүнийг анх
ажилд орж байх үед үйлчлүүлэгчийн рентген зургийг аваад, шингэн хор найруулан харанхуйд зураг угаадаг байжээ.
Тэгвэл өнөөдөр орчин үеийн
төхөөрөмж дижитал системд шилжсэнээр аппарат тоног төхөөрөмж нь ухаалаг болж, оношилгоо шинжилгээнд маш том ахиц гарсан хэмээн тэрбээр ярилаа.
Тодруулбал, эрчимт эмчилгээ, тасаг нэгж дээр очиж, яаралтай үеийн зургийг
газар дээр нь авч, хугацаа хожих, үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй тусламж үзүүлдэг
болсон нь давуу юм.
Мөн
үйлчлүүлэгчийн зургийн дамжуулалт хейлф рэйс системд орсноор иргэдэд түргэн
шуурхай чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлдэг болжээ.
Түүнчлэн техникийн хөгжил дэвшлийн улмаас урьдчилан сэргийлэх, сүрьеэгийн болон цэрэг татлагын үзлэгийг зөөврийн
аппаратын тусламжтайгаар сум, орон нутагт нь очиж зураг авч үйлчилж байна.
Б.Мөнхцэцэг мэргэжлээрээ 30 дахь жилдээ тогтвор суурьшилтай, ажиллаж байгаа
бөгөөд үүнийхээ 27 жилийг рентген техникчийн хөдөлмөрт зориулжээ. Энэ хугацаанд 102941 хүнд онош тодруулах зураг авч үйлчилсэн байна.
Сувилагч хүн өөрийн оногдсон ажлаа хийгээд зогсохгүй олон нийтийн төлөө,
үйлчлүүлэгчдийн эрх ашигт нийцсэн олон ажилд гар бие оролцдог байна.
Энэ талаар тэрбээр “Миний хувьд өөрийн эзэмшсэн орчин үеийн рентген
оношилгооны аппаратаа стандартын дагуу ажиллуулахаас гадна, иргэд олон нийтэд рентгений
хор нөлөөний талаар сургалт хийж, өөрийн
олж авсан мэдлэгээ ажилдаа нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн халдварын сэргийлэлт
хяналт, дотоод хяналт, чанарын хяналтын
багт орж ажиллан, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, копе арга аргачлалыг
нэвтрүүлсэн. Бас мэргэжлийн болон ёс зүйн харилцаа хандлагын зөрчилгүй хамт
олныг бүрдүүлэн ажиллаж чадсан.
Түүнчлэн ижил-ажил мэргэжилтний үзлэг, чанарын дотоод аудитыг 354 удаа зохион байгуулж, тасаг нэгжүүдийн дунд “Сайн туршлагаас суралцах чанарын өдөрлөг”-ийг 12 удаа зохион байгуулсан. Бас асрагч үйлчлэгч нарын алдааны сангийн бүртгэлийг тасралтгүй хөтөлж, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдтэй харилцан туршлагаа хуваалцах үйл ажиллагааг тогмолжуулан ажиллаж байгаа” хэмээн ярилаа.
Мөн тэрбээр Эрүүл мэндийн байгууллагын нэн чухал асуудал болсон хог хаягдал, халдваргүйтгэл, ариутгалын стандартыг мөрдөн, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сургагч багшаар ажилласан нь иргэдэд үнэлэгдэн үр дүнтэй ажил болж чаджээ.