БУЛГАН: “Уран сэтгэмж” богино өгүүллэгийн наадмын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-28 10:40:10

Булган, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бүс нутгийн хөгжил, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн СУАЖЗГ, Нийтийн номын сангууд хамтран "Уран сэтгэмж" богино өгүүллэгийн уралдааныг тавдугаар сарын 28-нд Булган аймагт зохион байгууллаа.


Монголын утга зохиолын нэгэн төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, бүс нутгийн онцлогийг шингээн туурвисан, уншигчдын оюуны эрэлт хэрэгцээнд нийцэхүйц шилдэг бүтээлийг шалгаруулж олны хүртээл болгох зорилгоор "Уран сэтгэмж" богино өгүүллэгийн уралдааныг 2 шаттай зохион байгуулсан байна.


Эхний шатанд уран бүтээлчид 28 бүтээл ирүүлснээс шилдэг арван бүтээлийг шалгаруулан ийнхүү хойд бүсийн жүжигчид, уран уншигчид Булган соёлын ордны театрын тайзнаас олны хүртээл болголоо.


Хойд бүсийн шилдэг бүтээлээр Б.Одонтунгалагийн “Удам”, Ж.Батцэцэгийн “Улаан халтар”, Н.Мөнхнарангийн “Далд тэнгэрийн увидас”, Б.Цэрэнжамцын “Нислэг дуусах болоогүй”, Х.Байытын “Хайрын эрэлчин”, Н.Батжаргалын “Бүс”, Э.Золбаярын “Ижий хайрын даллага”, А.Дашцоожийн “Бадагшаан”, Д.Дашдондовын ”Багын анд”, Ц.Гончигийн “Голын хоёр эрэг” зэрэг бүтээл тунаж үлдсэн байна.


Тэргүүн байрт “Удам”, хоёрдугаар байрт “Бадагшаан”,  гуравдугаар байрт “Голын хоёр эрэг”, тусгай байрт “Нислэг дуусах болоогүй”, “Хайрын эрэлчин” зэрэг өгүүллэг шалгарлаа.


Утгын чимэг улсын уралдааны нэгэн төрөл "Уран сэтгэмж" уралдаан нь бүс нутгийн анхны шилдэг богино өгүүллэг шалгаруулах уралдаан бөгөөд цаашид жил бүр зохион байгуулах юм.


"Уран сэтгэмж" хүндэтгэлийн тугийг Булган аймгийн Нийтийн номын сангийн дарга Т.Мөнгөнтуяа ирэх жил уралдаан зохион байгуулах Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн дарга Ч.Базарт гардуулан өглөө.


















関連ニュース