БУЛГАН: Их цагаан суварга энх мэндийн дуун тарнитай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-29 17:00:57

Булган, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын Майдар толгой дээр барьсан Их цагаан суварга энх мэндийн дуун тарнитай боллоо.


Богд хаант Монгол Улсын төрийн зүтгэлтэн Чин ван Ханддорж одоогийн Булган аймагт байсан Дашчойнхорлин хийдэд Монгол орны хамгийн том Их цагаан суваргыг 1904 онд бүтээлгэсэн түүхтэй.


1905 оны долоодугаар сард XIII Далай лам Түвдэнжамц Монгол оронд долоон сар саатахдаа Их цагаан суваргыг аравнайлсан ажээ. 32 метр өндөр уг суваргыг 1937 оны үед нураан сүйтгэсэн байна.


УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын санаачилгаар 2021-2024 онд шинээр байгуулсан Их цагаан суварга  38 метрийн өндөртэй бүтээсэн нь Азид  хэмжээгээрээ 5-д, дэлхийд 6-д орж байгаа ажээ.


Өнөөдөр энэхүү суварга шашин соёлын цогцолбор болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хүн зон ам дамжуулан дуулах суваргад зориулсан "Их цагаан суварга" дууны үгийг МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө хүндэт шагналт яруу найрагч, МУСТА Б.Цэрэнжамц  МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МУСТА Н.Мөнхнаран нар бичиж, аяыг МУСТА хөгжмийн зохиолч Б.Дамбадаржаа зохилдуулан туурвиж МУСТА дуучин Т.Ганбаяр дуулснаар олны хүртээл болголоо. Суваргад зориулсан дуу өмнө нь гараагүй бөгөөд энэхүү дуу нь анхных гэдгээрээ онцлог юм.

 

ИХ ЦАГААН СУВАРГА

Майдар толгойн оройг титэмлээд

Мандал өргөж тэнгэрт даатгалаа

Элгэн түмнийхээ ерөөлөөр мялааж

Эх орныхоо мэлмийг баясгалаа

 

                  Дахилт:

                  Замиланг зөөллөх мөнхийн авшигтай

                  Заяа тэтгэх цагаан суварга аа

                  Заадаст тэнгэрийн зурхайн тольтод

                  Залбирсан мутар шиг сарны суварга аа

 

Буурал дээдсийн хөлгөнийг залаад

Бумбаны бөөрөнд нарыг шүншигэллээ

Буцаж эргэхгүй хуанлын хуудсыг

Бурхадын зүрхэн тарниар сэржимлэлээ

 

                 Дахилт:

                Замиланг зөөллөх мөнхийн авшигтай

                Заяа тэтгэх цагаан суварга аа

                Заадаст тэнгэрийн зурхайн тольтод

                Залбирсан мутар шиг нарны суварга аа

 

Хар дарсан оньсогт жилүүдийн

Харуусал бүхний сүүдрийг үргээлээ

Алдаа онооны дэнсийг тэгшлээд

Арслан цагаан суваргаар сүлдэллээ

 

                Дахилт:

                Замиланг зөөллөх мөнхийн авшигтай

                Заяа тэтгэх цагаан суварга аа

                Заадаст тэнгэрийн зурхайн тольтод

                Залбирсан мутар шиг зүрхний суварга аа

 

Завилсан бурхан шиг насны суварга аа

 




 




関連ニュース