Ногоочид хүний нөөцийн дутагдлаа технологийн дэвшлээр нөхөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-30 10:36:45

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Tөрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ хүнсний ногоочидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, холбогдох дэмжлэг, урамшууллын талаар ярилцлаа.


“Орхон түшиг ургац” компани 10 га-д тарвас тарихаас 6 га-д нь эрт ургац авах төвөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Тус компанийн тариаланчид үрсэлгээгээ хүлэмжид хийн, талбайд шилжүүлэн тарьснаар долоодугаар сарын 15-наас эхлэн эрт ургацын тарвас худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Мөн төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоог хийн үрлэгчээр тарих технологийг ашиглаж тариалалтаа хийж эхэлсэн. Ингэснээр тарьсан ногоогоо намар комбайнаар хураах боломж бүрдэнэ. Энэ нь намар ургац хураалтын үеэр үүсдэг хүний нөөцийн асуудлыг шийдэж, хураалтын зардлыг бууруулан, ногооны нэмүү өртгийн зардлыг бууруулснаар хэрэглэгчид хямд өртөгтэй ногоо хэрэглэх боломжтой аж.


“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд сүүлийн 3 жилд хүнсний ногоонд олгож буй урамшуулал нь ногоочдын урам зоригийг нэмж, тариалалт эрс өссөнөөр зарим нэр төрлийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бүрдсэн гэдгийг энэ үеэр ногоочид хэлж байв.

 

関連ニュース