Д.Трамп, Ши Жиньпин нар утсаар ярих төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-02 10:19:57

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 2 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар чухал ашигт малтмалын асуудлаарх маргаан зэрэг худалдааны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ойрын хугацаанд утсаар ярина гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент ням гарагт мэдэгджээ. 


Өнгөрсөн баасан гарагт Д.Трамп Хятадыг чухал ашигт малтмалд ногдуулсан татвар, худалдааны хязгаарлалтыг харилцан цуцлах талаар АНУ-ын талтай хүрсэн тохиролцоогоо зөрчсөн гэж буруутгасан юм.


“Хятад улс Энэтхэг, Европын үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг саатуулж байгаа явдал юм. Энэ бол найдвартай түншийн хийдэг зүйл биш” гэж С.Бессент CBS телевизийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ.


“Ерөнхийлөгч Трамп болон Хятад улсын дарга Ши нар утсаар ярих үед энэ асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Гэвч тэд хэлэлцээний үеэр тохиролцсон зарим бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй байгаа нь Хятадын тогтолцооны доголдол байж магадгүй, мөн санаатай үйлдэл ч байх магадлалтай. Хоёр удирдагч утсаар ярьсны дараа бүх зүйл тодорхой болно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассеттийн ярьснаар, яриа хэлэлцээ хийх тодорхой тов гараагүй байгаа боловч удирдагчид өнгөрсөн сард Женевт хүрсэн тохиролцооны талаар яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох албаныхан хэлэлцээ хийж байгаа ажээ. “Ерөнхийлөгч Трамп энэ долоо хоногт Ши Жиньпин даргатай худалдааны хэлэлцээний талаар гайхалтай яриа өрнүүлнэ гэдэгт бид найдаж байна” хэмээн К.Хассетт хэлжээ.

関連ニュース